2008 оны наймдугаар сарын 12. Арван таван жилийн тэртээх энэ өдөр “Бээжин-2008” зуны олимпын наадмаас буудлага спортын төрөлд О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, Монголын олимпын түүхэн дэх анхны мөнгөн медаль авсан эмэгтэй тамирчин болсон түүхтэй. Тэр булган сүүлтэй буудагч. Түүний эхлүүлсэн мөнгөн медалийн замаар олимпын хоёр аварга, нэг мөнгөн медальтан замнасан юм.
О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэхдээ өөрийн дархан зайдаа хамгийн онч мэргэн нь байлаа. Буу нь гэнэт гацсаныг эс тооцвол түүн шиг цэц мэргэн буудагч энэ олимпод лав байгаагүй юм.
Тэр бол Монголын шилдэг тамирчин, дэлхийд цуутай мэргэн бууч болохыг түүний авсан медалийн цуглуулга нь илтгэнэ. Түүний томоохон амжилтуудыг дурдвал, 1998 онд О.Гүндэгмаа ДАШТ-ий багийн төрлөөс хүрэл медаль, 2006 онд 25 метрийн хийн гар бууны хувийн төрлөөр хүрэл медаль авсан.
2002, 2006 онд Азийн наадмын хувийн болон багийн төрлөөр хүрэл медаль хүртэж, Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. 2005 онд Зүүн Азийн наадмын мөнгө, Ази-Африкийн наадмын хүрэл медальтай юм. Түүнчлэн Москвагийн олимпын наадмаас хойш мөнгөн медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон. Хойд хөршид болсон тэрхүү олимпоос хойш монгол тамирчид хүрэл медалиас хэтэрдэггүй он жилүүд байсан юм. Энэ гацаанаас гаргаж, араасаа алтан медальтаныг ихэрлүүлэн дагуулсан булган сүүлтэй буудагч бүсгүй бол тэр юм. Тэрбээр 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Сэтгэгдэл (4)