Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын начин, гавьяат тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатарын цолны мялаалга наадам Архангай аймгийн Батцэнгэл суманд боллоо.
Барилдаанд улсын заан Д.Анар, Б.Серик, харцага О.Мөнх-Эрдэнэ, начин Ж.Дагва-Очир, Б.Эрдэнэхүү тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Серик, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Цолны мялгаалга наадмаа хийсэн Л.Отгонбаатар нь 2013 онд аймгийн начин, 2014 онд аймгийн заан болж, 2015, 2019, 2020 онд аймгийн заан цолоо баталж, 2020 онд цэргийн арслан, 2023 онд Монгол Улсын начин цол хүртсэн юм.
Түүнчлэн жүдо бөхийн төрлөөр “Астана-2015”, “Баку-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Азийн наадмаас хошой хүрэл медаль хүртсэн тамирчин юм.
Тэр энэ жилийн Баяр наадмын дөрвийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатар, тавын даваанд гарди Б.Гончигдамбыг давж улсын цолтон болж, хамгийн залуу начнаар тодрон Монголын залуучуудын холбооноос олгосон хурдан дааганы эзэн болсон билээ.
Л.Отгонбаатарын төрж өссөн Батцэнгэл сум бөхөөр алдартай. Энэ нутгаас улсын цолтой 18 бөх төрөн гарсанаас дархан аварга Г.Өсөхбаяр, “Луу гүний” Г.Вандан аварга, улсын заан Д.Хишигдорж, “Нисэхийн” хэмээх Д.Лувсан, улсын харцага Б.Зоригтбаатар, Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож нар тэргүүлж байна.
А.Сүх