Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын нээлтэд оролцож үг хэллээ.
Тэрбээр "Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд Монгол судлаачид аа. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө.
Их Монгол Улсын ариун голомт манай сайхан оронд тив дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж буй та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Улаанбаатар хотноо 1959 онд зохион байгуулагдсан олон улсын Монгол бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлаас үүдэлтэй, Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн,даяарчлал, нийгэм шилжилт, цар тахал гээд нийгэм, улс төрийн цаг үеийг даван зохион байгуулагдаж байна.
Дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан, хэлэлцүүлэхээр хуран чуулаад байна.
Монголчууд бидний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, дэлхий ертөнцөд сурталчлан танилцуулсан үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлийн үр дүнд Монгол судлал хэдэн зууны өмнөөс бий болж, өнөөдрийг хүртэл өргөжин тэлсэн билээ. Монгол судлал дэлхий дахинаар эрчимтэй хөгжихийн хэрээр Монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай мэдлэг мэдээлэл хүн төрөлхтөний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, Монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхэжсээр байна.
Монгол судлалын нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, нэгэн насны амьдралаа зориулж ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн судлаач та бүхэнд нийт ард түмний өмнөөс талархал илэрхийлье.
Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулсан нь Монгол судлал, Чингис хаан судлалд чухал ач холбогдолтой алхам боллоо.
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа, Эрхэм хүндэт зочид оо.
Нэгэн цагт Монголын их эзэнт гүрний алтан аргамж болсон элч нар хүлэг морины хурдаар дэлхий дахинд Монголын их амар амгаланг сурталчлан таниулж байсан бол энэ цаг дор эрдэмтэн мэргэд та бүхэн Монгол Улсын дэлхий дахинд таниулах эрдэм судлалын элч болж байгаа билээ.
Иймд олон улсад Монгол судлалыг хөгжүүлэх их үйл хэргийг Монгол төр бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлье. Монгол судлал үеийн үед хөгжин дэлгэрэх болтугай" гэв.
Д.Батчулуун