Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол төсөл"-өөс зохион байгуулсан бэсрэг наадам өчигдөр дэлгэр сайхан болов. Баяр наадмын хурдан дааганы уралдаанд Жаргалант сумын залуу уяач Ө.Бүрэнтөгсийн цоохор түрүүлж, уясан эзнээ баярлуулж, хурсан олноо цэнгүүлж наадлаа. Түрүү даагыг уясан эзэн болон унасан хүүхэд хоёул 12 настай, бас аваргын нэртэй.
Уяач Ө.Бүрэнтөгс аавынхаа морь уях эрдэмийг өвлөн цоохор даагаа хөтлөн зургаа дахь наадамдаа оролцжээ. Хурдан даагыг унасан 12 настай хүү О.Сүхбат нь түүний дотны найз.
Дааганы амжилтаас нь дурдвал, Жаргалант сумын наадамд аман хүзүүдэж, Зүүнхараа суманд дөрөвт хурдалсан хурдан буян байна. Ө.Бүрэнтөгс 2012 оны баяр наадмын дараа буюу аварга П.Бүрэнтөгсийн анхны түрүү авсан өдрөөс хойш яг 16 хоногийн дараа төржээ.
Бөх болох уу гэж асуухад “Аав бол намайг бөх болгоно гэдэг, харин би уяач болох бодолтой байгаа” гэж хариулж байна.
Уяач хүүг отгон наадамдаа түрүү хүртэж, шагнал авах үеэр түүний амьдай аварга П.Бүрэнтөгс шагнал гардуулсан нь содон, бөгөөд сонирхолтой байв. Бяцхан уяач аваргатай уулзсандаа хязгааргүй баяртай байна. Их том биетэй, хөөрхөн ааш, зантай бөх юм аа хэмээн хэвлүүхэн ярих энэ хүүд наадам болгондоо айраг, түрүү авахыг ерөөе.
А.Болд
Сэтгэгдэл (2)