Агаарын бохирдлыг бууруулахын тулд 177.5 тэрбум төгрөгийн бонд босгох тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод буй. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын ээлжит бус хуралдаанд үг хэлж, мэдээлэл өглөө. Түүний мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэж байна.
ЭШЛЭЛ 1.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 540 орчим тонн шахмал түлш хэрэглэж байгаа. Нэг тонн түлш 450 мянган төгрөгийн үнэтэй. Ард иргэдэд 150 мянган төгрөгөөр худалдаалж байна. 300 мянган төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Өнгөрсөн жилийн галлагааны үед иргэдээс утаа их байна гэх гомдол гарсан. Иймд ажлын хэсэг байгуулаад туршилт хийсэн. Хамгийн их утаа гаргадаг "дэгдэмхий" гэх бодис 19,1-23,5-ийн хооронд байгаа. Мидлэнгийг солиод хагас коксоор түүхий эдийг хийж үзэхээр болсон. Бид гаднын улсуудын туршлагуудыг судалж үзсэн.
Эдгээр судалгаанаас харахад БНХАУ-д байгаа нүүрсийг түлж үзье гэж шийдсэн.
ЭШЛЭЛ 2.
Нийслэлээс 177,5 тэрбум төгрөгийн бонд гаргасан тохиолдолд 114 мянган тонн хагас коксын бүтээгдэхүүнийг Улаанбаатарт оруулж ирээд, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд түлж үзье гэх саналыг гаргаж байна.
ЭШЛЭЛ 3.
Энэ жил нэгэнт үйлдвэр байхгүй учраас БНХАУ-ын зах зээлээс шахмал түлш импортлоод оруулаад ирвэл нэг тонн шахмал түлшний үнэ 1,5 сая төгрөг болно. Үүнийг ард иргэдийн орлого хангалттай биш байгаа учраас 250 мянгаас дээш үнээр борлуулж чадахгүйд хүрч байна. Иймд дахин алдагдал хүлээнэ.
ЭШЛЭЛ 4.
Энэ шийдлийг хамгийн төгс төгөлдөр гэж хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан оролдоод үзье гэж шийдсэн. Энэ өвөл Улаанбаатар хотод түлж үзнэ. Одоо туршилт гэдэг үгнээс айхгүй байна. Өөр арга байхгүй.
ЭШЛЭЛ 5.
Иймд энэ онд багтаагаад 600 мянган тоннын хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг Багануурт баръя гэж байгаа. Төр газрыг нь гаргаж, нүүрсний үнийг тохирч өгнө. Ийм л үнэтэй амьдрал юм байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)