Хэт бартаат замын авто спортоор хичээллэх нь тамирчнаас хатуужил, тэсвэр тэвчээрийг шаарддаг. Учир нь амь сөрсөн замд зөвхөн өөрийн машинаараа бэртэл гэмтлийг умартан барианд орохын төлөө өрсөлддөг спорт гэвэл үүнийг хэлнэ. Монголд ийм эрсдэлтэй спортод сэтгэл зүрхээ зориулж яваа тамирчин цөөнгүй бий. Тэдгээрийн дундаас цойлж буй нэгэн бол хэт бартаат замын уралдаанч, спортын мастер Г.Цэнгэлхүү юм.
Мөрөөдлөө биелүүлсэн
Г.Цэнгэлхүү 2014 оноос хэт бартаат замын авто спортыг сонирхож, авто спортын мастер Д.Хүрэлчулуун найзынхаа хамтаар хичээллэж эхэлжээ. Хичээллэж эхэлснээс хойш өнөөг хүртэл улсын болон олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол оролцож, өөрийгөө сорьж байгаа шилдэг тамирчдын нэг юм. Тэрбээр Малайз улсад болсон 25 дахь удаагийн хэт бартаат замын ДАШТ-ээс анхны алтан медалийг авснаас гадна олон улсын болон Азийн аваргын тэмцээнд түрүүлж яваа билээ. Тэрбээр эдгээр амжилтынхаа талаар “Аав шигээ цэргийн хүн болно доо гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Нэр хүндтэй энэхүү албандаа аавынхаа залгамж халааг үргэлжлүүлж, тасралтгүй 20 гаруй жил НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангид ажиллаж явна. Мөн авто спортыг сонирхоод есөн жил болж байна. Гадны тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өргөөд зогсох шиг сайхан зүйл үгүй. Тиймээс илүү хичээж, тэсвэр тэвчээртэйгээр уралдаж, тэмцээнээ дуусгах зорилт тавьсаар ирсэн. Уралдааны замд олон сайхан дурсамжийг хамтрагчтайгаа бүтээдэг. Хичээл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш ч маргааш нь заавал ирдэг. Хамгийн гол нь эхлүүлсэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж, хөлсөө урсгах хэрэгтэй. Хариуд нь аз жаргал, амжилт, анд, найзын нөхөрлөлийн барилдлага бий болдог. Өөртөө өгч болох хамгийн том шагнал. Тиймдээ ч өнөөдрийн олон арван амжилтыг үзүүлж, өөрийн мөрөөдлөө бүрэн биелүүлсэн” гэсэн юм. Тэрбээр дулааны улиралд чөлөөт цаг гарвал мотоцикль, уулын дугуй унаж аялах дуртай гэнэ. Мөн сэлэм, хутга, асаагуур болон саравчтай малгай цуглуулах хоббитой аж. Харин малгай, хутгыг хүүхэд байхаасаа цуглуулж эхэлжээ. Харин асаагуурыг 2012 оноос хойш цуглуулж байна.
Уралдаанчид бэртэл, гэмтлийн өмнөөс сөрдөг
Олон жил хэт бартаат замд уралдсан болохоор ямар ч хэцүү давааг амархан туулдаг тухай хамтрагчид нь өгүүлж байлаа. Түүний хувьд олон улсын тэмцээнд оролцохдоо ихэвчлэн олон өдрийн уралдаануудад уралддаг байна. Хэт бартаат замыг олон өдөр туулахаар нуруу чилэхээс гадна, өвдөлтийг их мэдэрдэг гэнэ. Уралдаж яваа учраас өвдлөө гээд амраад байхгүйгээр л уралддаг гэдгийг хэлж байв. Учир нь “Бид цагтай уралдаж яваа тамирчид. Тиймээс өөрийнхөө өвдөлтийг ялах нь хамгийн чухал” хэмээн хуучилсан юм. Харин уралдааныхаа тухай “Хэт бартаат замын 4х4 тэмцээн өндөр эрсдэлтэй спортуудын нэг. Авто спортын төрөлдөө дэлхийд эрсдэлтэй уралдаануудын эхний 10-т бичигддэг. Уралдааны үед тамирчин гараанд гарахдаа сандарч болохгүй. Хамтрагчаа сэтгэл зүйгээр дэмжих, ямар нэгэн саад бэрхшээлийг хамт даван туулах өндөр сэтгэл зүйтэй байх шаардлагатай. Хүнд хэцүү тэмцээнийхээ замыг дуусгаад барианд орох мөч юугаар ч зүйрлэшгүй хамгийн гоё мэдрэмж. Огшино, омогшино заримдаа нулимс унагана” гэсэн юм.
11 гэсэн дугаарыг бэлгэшээдэг
Монголд болж буй сүүлийн үеийн бартаат замын уралдааныг телевизээр үзэхэд 11 гэсэн дугаартай нэгэн машин уралддаг. Түүний жолооч бол нийтлэлийн баатар Г.Цэнгэлхүү. Тэрбээр анх уралдаж эхлэхдээ л 11 гэсэн дугаартай байжээ. Энэ нь түүний анх уралдаж эхэлсэн үетэй холбоотой учраас их бэлгэшээдэг байна. Харин 117 гэсэн дугаартайгаар олон улсын уралдаанд уралддаг юм байна. Өмнө уралдаж байсан 11 хувийн дугаартай “DICTATOR” нэртэй Landcruiser-70 загварын автомашин, 111 хувийн дугаартай “GLADIATOR” нэртэй Suzuki samurai загварын автомашинаа хадгалдаг тухайгаа ярилцлагын үеэр хэлж байсан юм. Автомашины бүрэн бүтэн байдлын тухай. “Хэт бартаат замын уралдаанд оролцдог автомашинуудыг хамгийн сайн чанарын тоноглолоор тоноглосон байх шаардлагатай. Бэхэлгээ буюу (карказ) төмөр, жолооч болон чиглүүлэгчийн аюулгүйн суудал болон хамгаалалтын бүс, винч буюу өөрийгөө татагч PTO, нэмэлтээр автомашины урд хэсэгт байрлах цахилгаан винч буюу лебодка, нэмэлт хий хураагуур (Аir compressor) чанартай бартаат замын дугуй, обудтай байх хэрэгтэй. Мөн урд, хойд тэнхлэгийг бүтэн бэхэлсэн байх шаардлагатай. Аюулгүй байдлаа сайтар хангаж, бэлтгэлээ сайн хийж байж нэгт өөрийгөө хамгаална, хоёрт тэмцээнд амжилт үзүүлдэг” гэв. Мөн хоол хүнсээ сайн авч явах хэрэгтэй гэнэ. Тэрбээр олон улсын тэмцээнд оролцож байхдаа гадны улсын хоол хүнсийг бага хэрэглэхийг чухалчилж, өөрийн дуртай хоолоо хийж иддэг байна.
“Айдаг байсан бол хэзээ ч уралдахгүй”
Гадаадын тэмцээнд Монголоос машинтайгаа очиж, уралдахад зардал өндөртэй тул өөр машинаар уралддаг ажээ. Тэмцээндээ түрүүлээд эх орныхоо төрийн далбааг өргөж зогсохдоо хамгийн түрүүнд эх нутаг, аавынхаа талаар бодож байсан тухайгаа нуусангүй. Г.Цэнгэлхүү бэрхшээлийн өмнө бууж өгөх дургүй нэгэн гэдгийг хамтрагчид нь бүгд мэддэг байна. Тиймдээ ч холын уралдаанд ихэд дуртай аж. Тэрбээр хээр хөдөө машин нь эвдэрвэл жижиг гэмтлийг өөрөө засчихна. Холын замын уралдаан тэр чигээрээ адал явдал ихтэй гэж байсан юм. Түүнээс уралдаанд гарахдаа хэр айдастай уралддаг вэ гэж асуухад “Айдаг байсан бол хэзээ ч уралдахгүй байсан” гэж хариулсан юм.