1989 оноос хойш зохион байгуулагдаж буй "Залуу монголч эрдэмтний зуны сургууль"-ийн 2023 оны сургуулийн нээлт өнөөдөр БШУЯ-нд боллоо. Нээлтэд тус сургалтад оролцогч гадаадын 30 монголч эрдэмтэн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон Монгол Судлалын Үндэсний Зөвлөл, Залуу монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, бусад хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцлоо.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэхүү зуны сургуулийн тухай, "Энэ өдрийг түүхэн өдөр гэж хэлж болно. Яагаад гэвэл, Монгол судлал бол монголчууд бидний хамгийн их анхаарах ёстой сэдэв. Бүр цаашлаад үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах ёстой ийм сэдэв.
Тиймээс бид Монгол судлалыг яаж хөгжүүлэх вэ, энэ чиглэлээр мэргэшиж байгаа, дагнан судалж байгаа гадны залуу эрдэмтдийг яаж дэмжих вэ гэдэг нь Монгол төрийн бодлого байх ёстой гэж ойлгож байгаа. Сүүлийн жилүүдэд манай залуу монголч эрдэмтдийн санал санаачилгаар, эрдмийн ажиллагааны үр дүнд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй байсан гадаадын томоохон эх сурвалжуудаас монгол хэлнээ орчуулж байна.
Энэ бол Монгол судлал, Монголын түүх судлалд оруулж буй маш том хувь нэмэр. Цаашдаа шинжлэх ухаан, технологийн сангаас Монгол судлалаар магистр, доктороор сурч байгаа гадаадын оюутнуудыг дэмжих, зуны сургалтыг ганц зун хийдэг биш, байнгын тасралтгүй сургалтын хэлбэрээр зохион байгуулах, Монгол судлалыг илүү өндөр хэмжээнд гаргах, монголч эрдэмтэд, монголыг судалж байгаа залуу, гадаадын эрдэмтдийн хоорондын хамтын судалгааг санхүүжүүлэх, тэдний бүтээлүүдийг хэвлүүлэх зэрэгт БШУЯ нэлээн санал санаачилга гаргаж ажиллана" гэв.
Энэхүү зуны сургуулийн гол зорилго нь гадаадын залуу судлаачдыг Монгол орон, монгол ахуй, соёлтой танилцуулах, монгол хэл, соёлын амьд харилцааны орчинд монгол хэл, түүх, соёлын сургалт зохион байгуулахад оршино. Ингэснээр хойч үеийн монголч эрдэмтдийг бэлтгэх, тэднийг Монгол Улсын эрдэмтэн судлаачидтай танилцуулан Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэхэд бодит үр дүн гарах юм.