Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам маргааш эхлэх ба бөхийн барилдаанд аварга цолтой хоёр бөх хүч үзэх нь ил болж. Отгон аварга О.Хангай энэ нутгийн уугуул бол даян аварга Н.Батсуурь Говь-Алтайг зорин ирсэн нь цаанаа нэг учиртай. Монгол бөхийн түүхэнд Улсын наадамд гурав ба түүнээс дээш түрүүлсэн “амьдаа аварга” цор ганц байдаг нь дархан аварга Шаравын Батсуурь, даян аварга Намсрайжавын Батсуурь юм. Сонирхолтой байгаа биз.
Дээр нь даян аварга Н.Батсуурийн өвөө Жотойн Гэлэг гуай Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, дархан аварга Ш.Батсууриар тав давж улсын начин болсон бөгөөд тэрээр ач хүүгээ мундаг бөх урьтан таньж, аварга болохыг бэлэгдэн Батсуурь хэмээн алдар хайрласан нь холыг харсан хэрсүү бөх гэлтэй.
Ач хүү аварга болсон, тэгээд өвөөгийнхөө цолонд хүрэхдээ давсан алдарт аваргын нутагт иржээ. Бөх хүн бөх хүндээ үзүүлж буй хүндэтгэл юм, наадам сайхан болно оо. Бөхчүүд тэр тусмаа аварга хүн аваргадаа хүндэтгэл үзүүлдэг эртний сайхан уламжлал тасраагүй нь онцгой сайхан юм. Юутай ч даян аваргатай наадам болох нь. Н.Батсуурь аваргын өвөө Ж.Гэлэг 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойн наадмын тавын даваанд дархан аварга Ш.Батсууриар улсын начин болж билээ. Дархан аварга Ш.Батсуурь тухайн үедээ бол улсын наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэчихсэн, ёстой л ид амжилт үзүүлдэг дээрээ байсан даа.
А.Болд
Сэтгэгдэл (3)