Говь-Алтай аймгийн бөхийн хөгжилд хувь нэмэр оруулан мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи санаачилан “Хантайшир” спорт сургалтын төвийг байгуулж өглөө. “Хантайшир” сургалтын төвийн заалны нээлтэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын эрхмүүд ирсэн байна.
Тус заалыг барьж байгуулахад хоёр жилийн хугацааг зарцуулсан байна. Хандив өргөсөн зарим эрхмүүдийг танилцуулахад улсын аварга О.Хангай, гарди Ж.Бат-Эрдэнэ нар таван сая төгрөг хандивласан бол гарди Н.Ганбаатар, улсын начин Д.Лхагвадорж, Элчин сайд Б.Мөнхбаатар, “Чингис” зочид буудлын захирал Х.Отгонтуяа, аймгийн алдарт уяач Д.Атартунгалаг нар 20 сая хандивлав.
Харин алтан хандивлагч нарыг дурдвал МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, гавьяат эдийн засагч, “Бурхан буудай” группын ерөнхийлөгч З.Буяннэмэх, “Туушин” группын ерөнхийлөгч Н.Зоригт нар 50 сая “Макс” группын ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар 75 сая, “Алтай” группын ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ 100 сая, “Тайган алтай” группын захирал Ц.Сономцэрэн 100, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар 100 сая, 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 216 сая төгрөг хандивлажээ. Энэ заалнаас ирээдүйн аварга, арслан цолтой бөх төрөн гарахыг бэлэгдэж, олимп, дэлхийн тавцанд эх орныхоо нэр алдрыг цуурайтуулах тамирчин төрөн гаргах зорилгоор нутгаа гэсэн сэтгэлтэй эрхэмүүд хандиваа өргөсөн юм.