Дорноговь аймгийн баяр наадам өчигдөр болж, хүчит 128 бөх уран мэхийг уралдууллаа. Барилдаанд аймгийн арслан 29, аймгийн заан долоо, аймгийн харцага найм, аймгийн начин 23 бөх бүртгүүлэн барилдсанаас Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, "Хутагтын хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх, аймгийн заан Баасандоржийн Бадрал түрүүлж, аймгийн арслан цол хүртэв. Аймгийн харцага Б.Түвшинтулга үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт сумын заан Д.Чимэд-Очир, Н.Пүрэвдаваа нар шалгарч аймгийн начин цолтон болсон байна.
Түрүү бөх Б.Бадралын тухайд өндөр цолтой бөхчүүдийн "аранга" юм. Биеэр жижиг ч хэр баргийн бөхөд бярдуулдаггүй, дайчин эрэмгийн барилддаг нэгэн.
2012 онд сумын заан цол хүртэж, дараа жил нь цолоо баталсан. Энэ үеэс бөхийн замруу эргэлтгүй орсон. Аймгийн цолтны их бүлд 2019 онд хаалга тогшин орохдоо харцага цолтой ирсэн. Бөхийн хүрээнийхэнд энэ мөчөөс илүү танигдаж эхэлсэн. Харцага цолтойгоор бол гурван жил барилджээ. Тэр саяхан Архангай аймгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаанд цойлох шиг болсон. Гурвын даваанд улсын харцага Н.Батзаяа, дөрвийн даваанд залуу харцага Б.Цэдэнсодном, тавын даваанд аралтай, бяртай аварга П.Бүрэнтөгсийг давж шөвгөрсөн. Тэр өдөр олон сайчууд түүний дайралтыг тэсээгүй. Үндэсний бөхөөс гадна сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёронтоо түрүүлж, алтан соёмбот далбаагаа хоёронтоо мандуулсан Д.Бадрал өнөөдрөөс аймгийн арслан гэж дуудуулах нь. Мөн олс таталтын ОУХМ цолтой юм. Түүнийг аймгийн арслан болоход Б.Адъяахүү багш нь цахи хуудаснаа баярласан сэтгэгдлээ ийн илэрхийлжээ.
А.Болд
Сэтгэгдэл (1)