Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж, хүчит бөхийн барилдааны хоёрын даваа болж байна. Хоёрын даваанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, арслан Б.Орхонбаяр, заан Б.Батмөнх, харцага Ө.Даваабаатар, улсын начин Ц.Анхбаяр тэргүүтэй нэг давсан 128 бөх барилдаж байна. Дархан аварга А.Сүхбат 52 настайдаа зодоглохдоо хоёр давж, маргааш цолоо дуудуулахаар болов. Маргааш хамгийн эхэнд ам авч барилдана.
А.Сүхбат аварга Төв аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд далай аварга цолтойдоо түрүүлсэн юм.
Тэр хамгийн сүүлд үндэсний бөхөөр өнгөрсөн жил Төв аймгийн наадмын гурвын даваанд цолоо дуудуулан сумын заан Б.Отгонбаатарт тахим буулгасан.
Төв аймгийн баяр наадмын талаар товч өгүүлэхэд, түүхт 40 жилийн ойд дархан аварга Ж.Мөнхбат, 50 жилд дархан аварга Х.Баянмөнх, 60 жилд дархан аварга Ж.Мөнхбат, 70 жилд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 80 жилд дархан аварга А.Сүхбат, 90 жилд заан Б.Батмөнх түрүүлсэн түүхтэй.
Төв аймгийн наадамд дархан аварга Ж.Мөнхбат хамгийн олон (3 удаа) түрүүлсэн бол араас нь заан Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, улсын начин Э.Ууганбаяр нар хоёр түрүүлжээ. Төв аймгийн тэгш ойн наадам таван удаа тохиоход дөрөвт нь дархан аварга цолтон түрүүлж, улсын заан цолтон нэг түрүүг нь авсан байна.
Сэтгэгдэл (5)