Лос Анжелес Лейкерс багийн од, бүх цаг үеийн онооны лидер Леброн Жеймсийн хүү Бронни Жеймс Калифорни мужид бэлтгэл хийж байх үед зүрх нь гэнэт зогсон эмнэлэгт хүргэгджээ. Бронни Жеймс өнгөрсөн даваа гарагт Өмнөд Калифорнийн их сургуульд сагсан бөмбөгийн бэлтгэл хийж байсан аж.
Жеймс гурван хүүхэдтэй, хамгийн том хүү 18 настай Бронни нь доороо Брайс Максимус Жеймс, Жури Нова Жеймс нэртэй хоёр дүүтэй юм. Түүний гэр бүл болсон явдлын дараа мэдэгдэл хийхдээ “Даваа гарагт Бронни Жеймс бэлтгэл хийж байхдаа зүрх нь зогсож, түргэн тусламжийн ажилчид түүнийг эмнэлэгт хүргэсэн. Манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж, хувийн асуудлыг маань хүндэтгэхийг хүсэж байна. Броннигийн эрүүл мэндийн талаар нэмэлт мэдээлэл ирэх үед бид мэдэгдэх болно. Тамирчдынхаа аюулгүй байдлын төлөө гайхалтай хичээл зүтгэл гаргасан Өмнөд Калифорнийн их сургуулийн эмнэлгийн болон спортын ажилчдад гүн талархал илэрхийлье” гэжээ.
Бронни Лос Анжелес хотын коллежийн USC багт тоглож байгаа юм.