Архангай аймгийн долоон сум 100 жилийн тэгш ойгоо тэмдэглэж байна. Үүний нэг Хашаат сумын 100 жилийн ойн баяр наадам өчигдөр өндөрлөж, бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын харцага С.Сүхбат түрүүлж, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан О.Наранбаатар, улсын начин Б.Амарзаяа нар шалгарлаа.
Түрүү бөх С.Сүхбат нь Архангай аймгаас төрөн гарсан 10 дахь улсын харцага цолтон юм.
Тэр энэ жилийн Улсын баяр наадмын тавын даваанд улсын заан Д.Анарыг давж начин, зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг давж улсын харцага цол хүртсэн. Хашаат сумын баяр наадмын үеэр улсын заан Л.Ёндоны гэр бүлээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг отгон харцага С.Сүхбатад гардуулсан байна.