Төв аймаг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд болж байна. Маргааш баяр наадмын нээлтийн ёслол болж, хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Энэ наадмын зүүний магнайд дархан аварга А.Сүхбат, барууны тэргүүн магнайд улсын арслан Б.Орхонбаяр нар гарч барилдахаар бүртгүүлжээ. Гэхдээ дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар бүртгүүлээгүй тохиолдолд А.Сүхбат зүүнийг магнайлах эрхээ хадгална.
Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд далай аварга цолтойдоо түрүүлсэн юм.
Бөхийн бүртгэлийг өнөөдрийн 17:00 цаг хүртэл явуулж байна. Аварга, арслангуудын араас улсын заан Б.Батмөнх, харцага Ө.Даваабаатар, начин Г.Ганжад тэргүүтэй 130 гаруй бөх бүртгүүлээд байгаа бөгөөд Төв аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд улс, аймгийн цолтой 256 бөх барилдана.
Төв аймгийн наадамд дархан аварга Ж.Мөнхбат хамгийн олон (3 удаа) түрүүлсэн бол араас нь заан Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар хоёр түрүүлжээ. Төв аймгийн тэгш ойн наадам таван удаа тохиоход дөрөвт нь дархан аварга цолтон түрүүлж, улсын заан цолтон нэг түрүүг нь авсан байна.
А.Болд
Сэтгэгдэл (8)