Германы нийслэл Берлин хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 6-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг, дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин цэц мэргэнээ сорихоор Герман улсыг зорив.
Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Ж.Дагийжанчив нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Баг тамирчдаас Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар олимп, дэлхийн шугамд хэдэнтээ цэц сорьж үзсэн хамгийн туршлагатай нь.
Байт харвааны спорт нь олимпын хөтөлбөрт багтсан бөгөөд Монголын тамирчдын амжилт үзүүлдэг төрөл. Тэртээ 1971 оны ДАШТ-ээс гавьяат тамирчин Д.Дэмбэрэл алтан медаль хүртсэн нь Монголын спортын түүхэн дэх анхны алтан медаль байлаа.
А.Болд