УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Засаг дарга нартай цаг үеийн асуудлаар цахимаар хурал хийлээ. Тэрбээр үерийн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутагт авч хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөв.
- Цаг уурын байгууллагын мэдээллээр нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орж голуудын усны түвшин огцом нэмэгдэж үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд сайжруулах, бэлэн байдлыг сайтар хангах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гол мөрний ай савд болон үерийн аюултай газар нутаглаж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэх тогтмол хүргэх аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх,
- Гол мөрөн нуурын эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт сувиллын аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт явуулах, анхааруулга, зөвлөмжийг хүргэж зөрчил дутагдлыг арилгуулах.
- Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн бэлэн байдлыг орон нутаг бүртээ сайтар хянах, машин техник хэрэгсэл багаж тоног төхөөрөмж үер ус гал түймэртэй тэмцэх чиглэлийн бэлтгэл ажлуудаа нягталж шаардлагатай арга хэмжээнүүдийг авах
- Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж УОК-ын 2023 оны Ой хээрээс урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээний тухай нэгдүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах
- Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх
- Үер усны болзошгүй аюулын үед иргэд цахилгааны аюулд өртөхгүй байх амь нас эд хөрөнгөөрөө хохирохгүй байхад анхаарлаа хандуулж, хяналт шалгалт хийх