Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгч гишүүдийн ээлжит хуралдаанаар таван бөхийн барилдах эрхийг хасах шийдвэр гаргасан билээ. Тэднээс аймгийн арслан Т.Сүрэнжавын хүсэлт өргөдлийг хэлэлцэн барилдах эрхийг сэргээж, жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллах эрхийг 1.5 жилээр хассан. Бусад бөхчүүдийн шийтгэл хэвээрээ гэсэн үг.
Тэгвэл Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайг 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон хэмээн үзэж, түүний барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хассан.
Түүний шийтгэлийн хугацаа ирэх жил дуусах юм. Гэвч тэрбээр шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад Увс аймгийн Цагаанхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зодоглосон байна. Зураг дээрх бөх Д.Урианхай мөн бол. Тэрбээр өмнө нь дээрх шийдвэрийг зөрчиж барилдах эрхээ нэмж хоёр сараар хасуулаад байв. Д.Урианхай начин МҮБХ-ны шийдвэрийг хоёронтоо зөрчиж байгаа тул дахин барилдах эрхээ хасуулж мэдэхээр байна.