Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өндөрлөлөө. Баяр наадмын бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсаран түрүүлж, аймгийн хурц арслан М.Еркебулан үзүүрллээ. Түрүү бөх Т.Дүүрэнсаран нь 2014 онд аймгийн харцага, 2015 онд харцага цолоо баталж, 2019 онд аймгийн заан, 2021 онд аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр өнөө жилийн Улсын баяр наадмын начин цолонд ойрхон байсан бөгөөд хоёрын даваанд аймгийн арслан Д.Буянт, гурвын даваанд өсөх идэр начин Б.Эрдэнэхүүг давж, дараа нь улсын заан М.Лхагвагэрэлд унасан юм.