Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдааны түрүү бөх, "Жавхлант дистрибюшин”-ий бөх улсын шонхор Э.Бямбадоржтой ярилцлаа.
-Та сайхан наадаж байна уу?
-Сайхаан. Та сайхан наадав уу?
-Улсын баяр наадмын өсвөр үеийнхний барилдаанд түрүүлсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Та бүхэнд баяр наадмын мэнд хүргэе. Мөнххаан сумынхаа 100 жилийн тэгш ойн наадмын өмнө төрийн наадмын түрүү бөх болж, улсын шонхор цолтой болоод ирсэндээ баяртай байна.
-Аав тань хөл нь газар хүрэхгүй баярлаж байна уу?
-Тэгж байна. Миний аав Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн арслан Цагаанхүүгийн Энхбат гэж бөх бий. Намайг ухаан орох цагаас л бөхтэй холбосон гол хүн юм.
-Аав тань одоо барилдаж байгаа юу?
-Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газарт чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
-Та хонгодох мэхээр түрүүллээ. Аав тань хонгоддог уу?
-Бас суйлдаг.
-Бөхчүүд хүүгээ түрүүлэхэд илүү их баярладаг байх?
-Мэдээж тэгнэ. Аав их баяртай байна. Тэгээд сумын тэгш ой тохиож байгаа болохоор нутгийн зон олон их баярласан, сайхан угтлаа.
-Мөрөөдөл тань бага багаар тэлж байна, тийм үү?
-Багадаа бол дархан аварга А.Сүхбат шиг уран барилдаантай болох юм шүү гэнэ. Одоо ч тийм. Бас аавынхаа хүрээгүй цолонд хүрч дахин баярлуулна аа.
-А.Сүхбат үнэхээр уран барилдаантай бөх шүү?
-Тийм ээ. Үнэхээр ховор бөх.
-Хэдэн жил барилдаж улсын шонхор цолонд хүрч байна?
-Тав дахь жилдээ барилдаж байна. Булган аймгийн Бугат сумын харьяат, сумын заан Батсайханы Идэрсайхан гэж хүнд 12 настайдаа шавь орсон. Чөлөөт бөхөөр голдуу бэлтгэл хийдэг. Аав маань Б.Идэрсайхан багштай найз юм. Өнгөрсөн жилээс үндэсний бөхөөр түлхүү барилдаж байна.
-Зүүн аймгийн хүн хаа хол Булганы хүнд яаж шавь орсон тухайд?
-Би Эрдэнэт хотод бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бас тэнд сурдаг.
-Улсын баяр наадамд хэдэн жил барилдаж байна?
-Өнгөрсөн жил анх удаа барилдахдаа тавын даваанд унасан. Туршлагагүй болохоор сайн барилдаагүй, нулимстай нутаг буцаж байлаа. Энэ жил даагаа нэхнэ дээ гэж ирээд түрүүлсэн болохоор цээжнээс нэг юм авчихсан юм шиг сайхан болчихсон. Миний энэ түрүү чинь Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанаас авсан Сүхбаатар аймгийн гурав дахь нь юм.
-Улсын баяр наадмын долоогийн даваа болж байх үеэр та түрүүлжээ?
-Их гоё. Шинээр улсын харцага болсон С.Сүхбат, Г.Ганхуяг ах нар барилдаж байна. Би барилдаж байхдаа энэ хоёр бөхийн барилдааныг харж амжсан. Сайхан юм, хүмүүс тэднийг дэмжиж Цэнгэлдэх даяар шуугиж байна. Түрүү булаалдах даваанд том цолтонгуудтай зэрэг дэвж гарах л хамгийн сайхан.
-Ерөнхийлөгч танд ямар бэлэг өгөв?
-Цүнх, хослол.
-Ерөнхийлөгчтэй хөөрөлдөж амжив уу?
-Нас асууж байна. Баяр хүргээд индэр дээрх бидний уулзалт дууссан.
--Шонхор одоо нас хэдтэй вэ?
-16 настай.
-Таны чөлөөт бөхийн хамгийн оргил амжилт гэвэл?
-Бахрейн улсад болсон U15 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан.
-Харин монголдоо?
-Наадмын өмнө Баянхонгор аймагт болсон Монголын хүүхдийн спортын VII наадам болон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
-Ээжийн тань талд бөхийн удам бий юу?
-Өвөө Дамдинсүрэн сумын начин, түүний хүү Д.Батболд аймгийн харцага цолтой бөх байна. Нагац ах Мөнххаан сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд их шөвөгт шалгарсан.
-Хоёр талын бөхийн удамтай юм байна?
-Мөн аав маань аав Ж.Цагаанхүү гэж сумын заан цолтой, бөхөд их дуртай хүн бий.
-Улсын шонхор цолтойгоор Мөнххааны сумынхаа наадамд түрүүлсэнд дахин баяр хүргэе?
-Баярлалаа. Бэлтгэл сургуулилтаа улам сайн хийнэ ээ. Аварга цолтой болох зорилго тавьсан.
-Нутагтаа хамгийн сүүлд хэзээ ирэв?
-Цагаан сараар ирсэн. Сая сумынхаа түүхт ойн баяр наадамд түрүүлж, шонхор цолоо мялаалаа. Баяртай байна.
-Саяхан болсон Улсын наадамд хэнийг түрүүлнэ гэж харж байв?
-М.Лхагвагэрэл зааны түрүүлнэ гэж харсан, бас дэмжсэн.
-Ярилцсанд баярлалаа. Аварга болж, аавынхаа хүрээгүй цолонд хүрэхийн ерөөл өргөе.
Л.Саяан
Сэтгэгдэл (4)