Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын түүхт 100 жилийн баяр наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Их Монгол Улсын дөрөв дэх хаан Мөнхийн нэрээр нэрлэгдсэн энэ сумаас Цэргийн яамны анхны сайд, алдарт гавьяат дуучин, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч Магсар хурцын Дугаржав, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилигийн Догсом, Ардын дууны Юндэн, Армийн домогт хурандаа генерал Жамсрангийн Ёндон, Сэцэн ханы Буянтогтох аварга, улсын заан Ц.Магалжав нарын эрхэм алдартан төрөн гарсан.
Түүхт ойн хүрээнд мотоциклгүй наадах захирамж гаргаж, наадамчин олон мориороо гангарсан нь наадамчин олны сэтгэлд нэн таатай байв. Ойгоо угтан тус суманд бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн нь олны нүдэнд андашгүй. Зургаан насны морьдын уралдаанд тус бүрт 100 гаруй морьд уралдсан хурдны өлгий нутаг болохыг илтгэнэ. Хүчит бөхийн барилдаанд улсын начин Б.Батжаргал түрүүлж, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн харцага Д.Батболд нар шалгарлаа. Харин өсвөр үеийнхний барилдаанд улсын шонхор Э.Бямбадорж түрүүлж, Г.Түвшинбаатар үзүүрлэлээ.