Монгол Улс, БНХАУ-ын судлаачид хамтран Говийн Их Дархан цаазат газарт мазаалайн амьдрах орчны газар зүйн мэдээллийн системийг байгуулахаар боллоо.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт манай улсад ирээд буй БНХАУ-ын Ойн шинжлэх ухааны академийн судлаачдын багийг хүлээн авч уулзах үеэр энэ талаар санал солилцов.
Уулзалтаар мазаалайн амьдрах орчны чанарыг үнэлэх, идэш ургамлын популяцийн байдлыг тогтоох, биологийн төрөл зүйлийн мониторинг судалгаа хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.
БНХАУ-ын судлаачдын баг хоёр улсын Засгийн газар хоорондын 2018 онд байгуулсан “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх” төслийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд манай улсад ажиллаж байна.
Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурсан юм.
Айлчлалын үеэр талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгасан юм. Ингэснээр төслийн хүрээнд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрджээ.