Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан.
Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, нийт 45 асуудлын хүрээнд хууль тогтоомжийн 21 төсөл, Ерөнхийлөгчийн хориг нэг, Байнгын хорооны найман тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд таван удаа хуралдаж, гурван танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг чөлөөлөх нэг, түдгэлзүүлэх гурван асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан юм.
Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дараах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Үүнд:
Хуульд өөрчлөлт оруулах тухай хууль:
1.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.05.04/
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/;
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/;
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/;
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023.06.16/
6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
7.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тухай хуулийг дагаж мөрдөн журмын тухай.
Монгол Улсын Их Хурлын тогтоол:
1.Хуулийн төсөл буцаах тухай /2023.04.27 Дугаар 29/;
2.Хуулийн төсөл буцаах тухай /2023.05.04 Дугаар 34/;
3.Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай /2023.05.04 Дугаар 34/;
4.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /2023.05.04 Дугаар 35/;
5.Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийн тухай /2023.06.08 Дугаар 40/;
6.Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай /2023.06.08 Дугаар 41/;
7.Хуулийн төсөл буцаах тухай /2023.06.22 дугаар 51/;
8.Хуулийн төсөл буцаах тухай /2023.06.22 дугаар 52/;
9.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай /2023.06.30 /;
10.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /2023.06.30/;
11.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай /2023.06.30/.
Хяналт, шалгалтын ажлын талаар
Байнгын хороо Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг тус тус сонссон. Түүнчлэн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны төсвийн төслийн талаарх саналыг хэлэлцсэн.
Бусад ажлын талаар
Ээлжит чуулганы хугацаанд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах зохицуулалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн тайлангаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар санал солилцсон.
Мөн хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, сурталчлан таниулах, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсны зэрэгцээ Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах таван хууль тогтоомжийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Байнгын хорооны 24 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гурван танилцуулгыг иргэд олон нийтээс санал авах d.parliament.mn-д байршуулж ажиллав.