Ес дэхь удаагийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ маргааш эхлэх гэж байна. Тус тэмцээн Австрали, Шинэ Зеланд улсуудад долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах юм. Өмнөх тэмцээнүүдэд нийт 24 баг шалгардаг байсан бол энэ жил эрэгтэйчүүдийн ДАШТ-ы адил 32 баг өрсөлдөхөөрөө онцлог юм.
Тэмцээнд 32 баг оролцуулж байгаа нь өнгөрсөн онд болсон 17 болон 20 хүртэлх насны ДАШТ-д гялалзсан Колумбын Линда Кайседо нарын залуу оддын шинэ боломж гэж хэлж болно. "Бяцхан Месси" хочит Драгони болон Өмнөд Солонгосын Кэйси Файр нар өдгөө 16 настай хамгийн залуу тоглогч бол 736 тоглогчоос хамгийн ахмад нь 40 настай Кристин Синклэйр, Ономэ Эби нар билээ.
2019 оны ДАШТ-ий үзэгчдийн тоо 990 саяд хүрч цаашид өсөх хандлагатай байсан нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дэх хамгийн толгой өвтгөм асуудал болох цалин, орлогын тэгш бус байдал болоод шигшээ багуудын тоглолтын зөрүүнд анхаарах боломжийг олгосон юм. АНУ 2019 оноос хойш 65 тоглолт хийсэн бол Гаити 19, харин Олимпын аварга Канад улсад мэргэжлийн лиг байхгүй өдгөөг хүрчээ.
Л.Сайнаа