Жюү жицүгийн “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр “Fighting” төрлийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Францын тамирчин Хлое Лаланде мөнгөн медаль хүртэж шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн бүсгүйн зургийг барьж гарч ирээд нулимс дуслуулан хүндэтгэл үзүүлсэн нь олны анхаарлыг татсан билээ.
Зургийн эзэн нь “Абу-Даби-2022” жюү жицүгийн ДАШТ-ий мөнгөн медальт, багийн дэлхийн аварга Сандра Бадие ажээ.
Францын жюү жицүгийн олон удаагийн аварга, холимог тулаан, жүдо, каратэ, айкидо гээд тулааны спортын алдартай тамирчин бүсгүй Бадие Улаанбаатарт ирж өрсөлдөхөөр төлөвлөж байв. Гэвч тэрбээр хоёр сарын өмнө нь шөнө унтаж байхдаа зүрх нь зогсож 31 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Найзыгаа хүндэтгэн медалийн тавцан дээр зурагтай нь хамт гарч ирсэн тамирчин бүсгүйн энэхүү үйлдэл манай улсад болж буй ДАШТ төдийгүй дэлхийн спортын ертөнцөд чухал нэгэн түүх болон үлдлээ.