Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тэгвэл бид та бүхэнд наадмын үеэр төрийн гурван өндөрлөг юу хэлснийг эшлэлээр онцолж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
1. Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурьсгасан бахдам сайхан түүхтэй билээ. Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.
2. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990-ээд оны Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь монголчууд бидний ХХ зууны аугаа их ололт амжилт, шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ. Өдгөө манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм.
3. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл миний зүрхнээ холбоотой” хэмээн шүлэглэсэн байдаг. Тиймээс монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулах учиртай юм. Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, “Хүчирхэг Монгол Улс”-ыг цогцлоон байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн санаа зорилгоор хамтдаа хүчин зүтгэцгээе.
4. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн түүхт ойг тохиолдуулан Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж, суу алдар, билиг сургаалыг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, “Чингис хаан” хаад, язгууртны музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон билээ.
Энэ үйл хэргийн үргэлжлэл болгон эдүгээгээс 800 жилийн тэртээ, 1220 онд Эзэн Чингис хаан зарлиг буулгаж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт болох хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг Төрийн тэргүүн гаргасан.
Энэхүү монгол түмний их түүхэн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, Засгийн газар хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг баярын энэ өдөр ард олондоо дуулгахад таатай байна.
Их Монгол Улсын гал голомт, эртний нийслэл Хархорум хот монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд мандан бадарч байх болтугай. Энэ бол монголчууд бидний зуу, зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан юм.
5. Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа Мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясгасан дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай”.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө жил дорвитой мэндчилгээ дэвшүүлсэнгүй.
1. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье
2. Соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, жилийн хийморио сэргээдэг хэмээн бэлгэшээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг.
3. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар
1. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Монгол хүн амны билгээр гэдэг. Хүннү гүрнээс өмнө Монгол наадам цэргийн гурван эрдэм гэсэн нэртэйгээр анх үүсэн бий болоод төрт ёсоо тэмдэглэж байсан түүхэн уламжлалыг архивын судалгаа нотолдог. Монголчууд бид төрт ёсны уламжлалтай, төрт ёсоо дээдэлдэг ард түмэн. Есөн цагаан сүлд бол өөрийн гэсэн бэлгэдэлтэй, өөрийн гэсэн амин сүнстэй. Есөн цагаан сүлдээ залахад огшдоггүй Монгол хүн гэж үгүй. Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь баяр наадмын өмнөхөн Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдаж, энэ үеэр олон гадны зочид, төлөөлөгчид ирлээ. Монгол наадмаар бахархаж байна. Мэдээлэл ил тод болж, ард түмэн шүүмжлэн хэлэлцдэг боллоо. Энэ нь ардчилал хөгжиж байгаагийн тод жишээ болж байна хэмээгээд эвийг хичээсэн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.
2. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
3. Монгол түмний мэлмий нээж, ухаан саруулжиж, угсаа гарал, шашин шүтлэг, уул ус ургамал амьтан, улс гүрнээ гэх сэтгэл оюун батжиж буй нь мэдрэгдэж байна.
4. Монголчууд бидний алдаа оноо аль аль нь зэрэгцэх их шижилтийн нэгэн үеэ туулж, амжилт уналтаа шүүн хэлэлцэж, нийгмээрээ буруугаа дүгнэж, зөвөө эрэлхийлж байна. Энэ бол амьд нийгмийн сайн шинж. Ардчилал нутагшсаны тод жишээ юм. Шилжилт, шинэчлэл бол авлига, ялрал, тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл, хоцрогдол шударга бус байдал гүнзгийрэхэд хийгддэг жам ёсны үйл явц юм. Гэхдээ шилжилт, шинэчлэл хуулийн хүрээнд тайван замаар сууриараа хийгдэх юм бол улс үндэстэн хохирол багатайгаар хөгжлийн замдаа шуудрах нь ойлгомжтой.
5. УИХ өнгөрсөн хугацаанд тогтолцоо, системийн гажуудал, гацаа саадуудыг хууль батлах замаар засаж, сайжруулах чухал чуулгануудыг хийлээ. Үр дүнд нь ил тод, нээлттэй засаглал бэхжин ужиг буруу олон асуудлыг илчилж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг нурааснаар эдийн засаг сайжирч, шударга ёс, тэгш байдлыг хүсэмжлэх иргэдийн дуу хоолой, хүсэл зориг, идэвхи санаачилга урьд хожид байгаагүгээр идэвхижлээ. Үл хүсэх, ил хорлох, буруу зөвтгөгдөж, боломж хулгайлагддаг таагүй цаг үе дуусаж, сайн цаг сайхан амьдрал руу нийгмээрээ нэг алхам урагшилж байна. Төөрснөө мэдэн, тойрсноо ойлгож нэг чигтээ харсан улс үндэстэн урагшлан хөгжих нь гарцаагүй юм. Хүн төрөлхтөн түүхийн ээлжит сорилтоо туулах гэж буй энэ цаг үед улс үндэстний хувьд Монголчууд бид илүү ухаалаг, хэрсүү, эвтэй үндэстний хувьд нэгдмэл эрх ашиг дээрээ нягтрах хэрэгцээ шаардлага үүсээд буйг та бүхэн мэдэрч байгаа биз ээ. Ардчилалын баянбүрд улсын хувьд тогтолцооны хамгийн зөв шийдэл болох парламентын засаглалаа сахин хамгаалах сонголтоороо хүчитгэн бэхжүүлэх түүхэн цаг үетэй нийцүүлэн Үндсэн хуульдаа өөрчлөн сайжруулалтыг хийхийг дэмжсэн эх орончдодоо талархаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)