Үндэсний их баяр наадмаар хоёр болон долоогийн даваагийнд "шинэ дүрэм" буюу идэвхээр хасах дүрмийн дагуу хоёр бөх тахимаа өгсөн. Үүнээс гадна бөхийн барилдааны бусад дүрэмтэй холбоотой Улсын аварга О.Хангай өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.
Эрийн гурван наадам бол Монгол улсын түүх соёлыг шингээсэн, монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшдог баяр цэнгэлийн дээд юм.
Идэвхээр хасах дүрэм ард түмнийг нутаг усаар нь талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр болсныг та бүхэн ч харлаа, би ч харлаа. Тахимаа өгсөн болон дүрмийн дагуу давсан бөхөд ч сэтгэлзүйн хувьд "тиймэрхүү" байсан. "Тахимаа өгсөн бөх нь үнэн хүчийг үзэн барилдсан бол" гэж бодож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болж байна.
Өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанаас доош даваанд дүрмээр дөрвөн хүн хасагдсан. Азаар ч гэх үү, дээд даваанд дүрэм үйлчлээгүй учраас хүмүүсийн анхаарлыг таталгүй өнгөрсөн байх. Хасдаг шийдвэр буруу гэдгийг нийт бөхчүүд болон Монгол бөхийн холбоо авч үзээд гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор дүрэм өөрчлөх нээлттэй хурал зарласан. Бөхчүүдийн идэвх бага, гучаад бөх л оролцсон. Идэвхээр хасдаг дүрмийг болиулаад тэгш барьц гэсэн саналыг оруулж ирсэн. 4 сарын 10-ны үед Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлээд, ЗГ батлах ёстой юм билээ. Тэгээд хүргүүлсэн. Баяр наадмын салбар хороо нь "бөхчүүд болон холбооноос гаргасан дүрмийг хүлээж авахгүй" гэх хариу өгсөн. Мөн О.Балжинням аварга, Н.Батсуурь аварга, О.Хангай аварга, Ц.Магалжав тэргүүнтэйгээ сууж байгаад өөрсдөдөө зориулсан дүрэм баталж байна гэсэн ойлголтыг хүмүүст түгээсэн. Хэн ч оролцож болох нээлттэй хурал болсон. Хүнийг хамаа намаагүй гүтгэж болохгүй. Баянмөнх аварга ч буруу гээд санал бодлоо илэрхийлсэн байсан.
Зөвхөн баяр наадмын салбар хорооны хүмүүс өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж дур мэдэн дүрэм баталчихсан. Ингэж болохгүй.
Хүн болгон бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг, чаддаг, барилддаг, мэргэжлийн байгууллага, бөхийн холбооны хүмүүсээсээ зөвлөгөөг сонсож байх хэрэгтэй. Үндэсний бөхийн холбооны дүрэм гэж бий. Гэтэл дахиад наадмын үндэсний бөхийн салбар хорооны дүрэм гээд шинэ дүрэм гаргаад ирдэг. Энэ нь ямар үр дагавар гаргаж байгааг харсан байх. Наадамчин олон болон бөхчүүдийг талцууллаа.
Миний бодлоор баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо гэхгүйгээр, хоёр дүрэмгүйгээр, бөхийн холбооны дүрмээр барилдвал “зүгээр “ байна. Үүнээс гадна зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг компаниар зарлуулна гээд бөхчүүдийн эрх ашгийг хаасан.
Мөн монгол бөхдөө хайртай, дэмждэг, төрөөс хамааралгүй олон хувийн хэвшлүүд байгаа. Хэд хэдэн компанийг зарлуулдаг бөхчүүд ч байгаа. Жишээ нь би гурван компаниар зарлуулдаг гэхэд алийг нь зарлуулахаа мэдэхгүй байх жишээтэй. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хааж болохгүй.
Хоёр аймаг, гурван компанийн нэр дуудуулахад тийм их цаг хугацаа орох гээд байгаа юм уу. Ямар их цаг хугацаа хэмнэх гээд ингээд байгаа юм бэ.
Засуулдаа хэлэхээр, тэгж зарлаваэрхийг нь хасна гээд засуулуудыг дарамталдаг юм билээ.
Баяр цэнгэл наадам болж байхад бөхчүүд болон зохион байгуулж байгаа хүмүүсийг дарамтанд байлгаж болохгүй ээ. Үүнээс гадна ам авах асуудал бол нэг их цахимжаад байсан юм байхгүй. Нэрээ сонгоод би дарсан ч, гарын даа маань дугуйлсан ч адилхан.
Зуу гаруй хүнийг гурав, дөрөвхөн минутад аймаг сумтай нь овог нэртэй нь харж амжихгүй байсан. Тиймээс гурвын давааны ам авах хугацааг сунгавал яасан юм бэ гэж бодож байна.
Бас нэг асуудал. Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдэд суух сандал байхгүй, ногоон дэвжээ рүүгээ ч орох эрх байхгүй. Цагдаа нартаа үүрэг өгчихсөн. Зөвхөн зургаан аваргыг оруулна.
Бусад бөхчүүд нь орж чадахгүй. Суух суудлыг нь бэлдэх хэрэгтэй. Тэгээд нэг ногоон хашаан дотор хорьчихдог. Бид нар чинь бөхөө үзнэ, барилдааныг нь харна. Түүнээс хамаарч амаа авна, Бусад бөхчүүдийнхээ барилдааныг судална. Ногоон хашаанд оруулчхаад гаргах ч үгүй. Цолтой бөхчүүд нь унасан бол дараагийн өдөр нь бөх үзэх эрх байхгүй. Оруулахгүй. Ийм дарамтан дунд наадмын хоёр өдөр өнгөрлөө.
Эцэст нь үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр гаргасан хүмүүс бол та нарын бодол бол та нартаа л зөв байсан ч үзэгч олноо талцуулсан. Ирэх жил холбоонд нь зохион байгуулах эрхийг нь өгөөд, дүрэм журмаар нь барилдуулмаар байна.
Салбар хорооныхон, завгүй байдаг бол өөрсдийнхөө ажлыг хийгээд, үзэх дуртай бол бөхөө үзээд, бөгс чинь чилээд байдаг бол эртхэн харьж амар. Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн барилдаанаас огтхон ч уйдахгүй. Дараа жилээс тэр яараад байгаа хүмүүс нь эртхэн хариад, сайхан амарч байсан нь дээр байх.
М.Дэвээ
Сэтгэгдэл (7)