Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй уулздаг. Тэрээр өнгөө өглөө эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзжээ.
Тэрбээр “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар Ерөнхий сайд танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ.
Энэ үеэр “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар дараах мэдээллийг өглөө.
Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал: Манай компани нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 48 хувьтай байна. Энэ онд 4.3 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан. Манай жилийн хүчин чадал 4 сая тонн. Энэ жилийн захиалга 4.7 сая тонн хүрсэн. Үндсэндээ 15 хувийн ачаалалтай ажиллаж байна. Санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэй байгаа. Багануурын уурхайн хүчин чадлыг 6.5-7 сая тоннд хүргэх шаардлага бий гэв.
Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд: Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар. Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, илүү либерал болгомоор байна.
ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна гэв. “Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү: Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.
“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан: Үерийн бүсэд энэ сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.
Сэтгэгдэл (1)