Энэ жилийн Улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж үзүүр булуусан Монгол улсын шинэхэн гарди Цэдэнсодномын Бямба-отгоны тухай сонирхолтой 14 баримтыг та бүхэнд хүргэж байна.
Баримт 1
Цэдэнсодномын Бямба-Отгон нь 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төржээ.
Баримт 2
Тэрбээр “Их монголын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Нутгийн буян” группын бөх билээ.
Баримт 3
Бямба-Отгон нь бөхийн гараагаа хожуу эхэлж, 2016 онд нутгийнхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан цолонд хүрсэн.
Баримт 4
2019 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж Аймгийн харцага, 2020 оны наадамд нь Увс аймгийн харьяат бөх, Аймгийн заан Тоочингийн Батсүрэнгээр давж, Аймгийн заан цолонд хүрсэн. Түүний өнөөгийн амжилт энэ цаг үеэс л тодорсон гэж хэлж болно.
Баримт 5
Аймгийн заан цолтой Төгрөгийн хүү 2022 оны Цагаан сарын барилдаанд дөрөв давж шуугиан тарьсан. Тус барилдааны нэгийн даваанд Увс аймгийн харьяат Аймгийн хурц арслан О.Гантулгыг, хоёрын даваанд Улсын харцага Ш.Уламбаярыг, гурвын даваанд Улсын начин Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг хаяжээ. Энэ цаг үеээс хүмүүс түүнийг цээжилсэн.
Баримт 6
Түүний дараахан болсон "Бизкон аудит" ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд мөн л дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг төвөггүйхэн хаяж, шуугиан дэгдээсэн. Тус барилдааны нэгийн даваанд Баян-Өлгийн аймгийн харцага Д. Бейбитийг, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн хурц арслан О.Наранбаатарыг, гурвын даваанд Улсын начин О.Баярбаатарыг, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг хаяжээ. Улмаар энэ нь түүний Улсын арсланг хаясан гурав дахь тохиолдол байв. Өмнө жилийн сүүлд болсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдааны хоёрын даваанд анхлан хаяж байлаа.
Баримт 7
Тэр бөхийн өргөөнд болсон Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн бол нилээдгүй удаа их, дунд шөвөгт шалгараад байна. Түүнчлэн тэр сум, аймаг, улсын цолтонд түрүүлсэн цөөхөн бөхчүүдийн нэг. Өөрөөр хэлбэл бөхийн барилдааны бүх шатанд өөрийн амжилтыг богино хугацаанд баталгаажуулж, тамгалсан ховор бөх.
Баримт 8
Тэрбээр 2022 оны Улсын баяр наадамд Аймгийн заан цолтой барилдаж, шууд Улсын харцага цолонд хүрсэн. Тэгэхдээ одоогийн улсын сайн начин Э.Бат-Магнайтай тунан барилдаж, давсан. Өнөө жилийн баяр наадамд тэр тавын даваанаас эхлэн тунасаар үзүүр булаав. Ингэснээр тэр улсын баяр наадамд хоёрхон жил барилдаанд начин цолыг алгасаж харцага, заан цолыг хайраж гарди цолонд хүрлээ. Түүнийг Монголын ард түмэн аварга болно гэж итгэдэг.
Баримт 9
Түүний талаар Монгол улсын Дархан аварга, ХХ зууны дэлхийн бөхийн од, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх “Өвөрхангайн энэ хүү тун эвгүй бөх шүү” хэмээн яриандаа дурсжээ.
Баримт 10
Тэрбээр зургадугаар сард өндөрлөсөн “Алтан цом”-ын төлөөх барилдааны хасагдах шатанд нэг ч унаагүй цор ганц бөх болсон. Улмаар шигшээ шатанд хамгийн олон даваа авсан бөхчүүдийн тоонд багтсан юм.
Баримт 11
Тэр ШУТИС-ийг инженер мэргэжлээр дүүргэсэн бөгөөд дээд боловсролтой бөх. Төгсөнгүүтээ л бөхийн амьдралыг сонгосон нь алдаа байсангүй. Сумын заан цол хүртсэнээс эхлээд ерөдөө долоохон жилийн дотор тэр Монгол улсын гарди цолтон боллоо.
Баримт 12
2022 оны Улсын баяр наадмын өмнөхөн хөдөө найзуудын хамт идэж байсан махнаас нь шувуу шүүрэн одсон нь билэгшээлтэй зүйл болж, Улсын харцага цолонд хүргэсэн гэж тэр ярьдаг.
Баримт 13
Бямба-Отгон нь адуунд эрэмгий хүүхэд байжээ. Түүнчлэн сарлагийн бух булгиулж, хөдөөгийн амьдралд хөрвүү торнисон нь сайн бөх болох үндэс болсон.
Баримт 14
Тэр гэргий хүүхдийн хамт амьдардаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)