Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж 2009 оны Улсын баяр наадамд тав давж начин цол хүртсэнээс хойш 13 жил барилдахдаа тавын даваанд дөрвөн удаа унасан нь 2012, 2013, 2014, 2020 оны наадамд юм. Тавын даваанд үе тэнгийн бөх болох гарди Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхантай гарцаагүй тунаж, мөн энэ даваанд заан Б.Батмөнх, харцага Ц.Мөнхбаярыг амлаад өвдөг шороодон гэртээ эрт харьж билээ. Бусад наадмуудаас бол шөвөг алдаагүй хүчтэн.
Тэгвэл баяр наадмын долоогийн даваа түүнд бүр илүү халгаатай. 2011 оны наадмын долоогийн даваанд аварга Ч.Санжаадамбатай заан цолны төлөө барилдаад бараагүй, маргаан дагуулсан наадам. 1024 бөх барилдсан тэр жилийн наадмаар улсын заан, цаашлаад түрүүлж ч болох байв. Ямартаа ч тэр жил заан Б.Батмөнхөөр зургаа давж харцага цол авахдаа 25-ны бар жиллээ долоогийн давааг нулимстай эхлүүлсэн дээ. Үүнээс хойш долоогийн даваанд хэдэнтээ гарч ирж, ихэнхэд нь унасан даа.
Дөрвөн жилийн дараа долоогийн даваанд дахин гарч ирээд тус наадмын түрүү бөх улсын арслан Э.Оюунболдтой тунан бас унасан. Юутай ч харцага цолоо баталсан наадам. 2016 оны наадмын долоогийн Б.Пүрэвсайхантай заан цолны төлөө хүч үзээд дийлээгүй, харцага цолоо ингэж хоёр баталлаа.
Тэр жил тэгш ойн баяр наадам, 1024 бөх зодоглоход Архангай бөхчүүд түрүү булаалдсан. Ер нь Ц.Содномдорж наадамд амлуулахаасаа тунах нь олон. 2017 онд Д.Тамир хүү таавар эвдэн залуу арслангуудыг шил дараалан хаяж (Н.Батсуурь, П.Бүрэнтөгс) Ц.Содномдорж алдаж болохгүй алтан боломжийг зөв ашиглан Ардын төрийн наадамдаа анх удаа түрүүлж, арслан цол хүртэв. Ингэж харууссан сэтгэлээ нэг дэвтээв. Түүнийг долоогийн давааг л аргалбал гарцаагүй түрүүлнэ хэмээн нэгэн ахмад бөх хэлсэн нь энэ буюу.
2017 оны наадмаар аралтай заан Н.Жаргалбаярт жигтэйхэн өшиглүүлэн ойчив. Энэ наадмаар түрүүлэх бөхийн тоонд их дээгүүр яригдаж, бичигдэж байсан юм. 2018 онд аварга П.Бүрэнтөгст долоогийн даваанд амлуулан барилдаад давсан. ч наймын даваанд допинг хэрэглэсэн бөхөд унасан нь харамсалтай.
Өнгөрсөн жил 37-ныхоо бар жилдээ долоогийн даваанд залуу арслангийн заан болох замыг зассанаар долоогийн даваанд тав дахь удаагаа уналаа. Бэртэл гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан тул залууст боломж олгосон нь тэр. Харин өнөө жил Цагаан сараас бусад барилдаанд зодоглоогүй ч бэлтгэлээ сайн жигдэлжээ.
Долоогийн даваанд зургаантаа босч ирэхдээ даян аваргад өвдөг шороодоогүй тахим өгсөн. Энэ бол Ц.Содномдоржийн алдаа биш, Н.Батсуурийн ч буруу биш. Засгийн газар, Бөхийн салбар хорооны судалгаа муу хийсэн хуулийн алдаа. Цагаан захтангуудын балгаар догшин арслан долоогийн даваанд дахин бүдэрсэн өчигдөрхөн.
А.Болд
Сэтгэгдэл (3)