Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд шинэ заалт нэмсэн нь Монгол бөхийн онцлог, ард түмний хүлээлтийг үгүй хийж байна. Монгол бөх бол жүдо болон чөлөөт бөх биш. Чухам бөхийн цолыг дуудахдаа "Үнэн хүчийг үзэн барилдъя гэв ээ" хэмээдэг. Гэтэл үнэн хүчийг үзэх байтугай, 60 минут "аргацааж", арай илүү "идэвхтэй харагдаж" байгаад учраа бөхийнхөө тахимыг "цэцээс горьддог" болж байх шиг.
Бүтэн жил хүлээж, хэний хүү бяр чадал, оюун сийрэг байгааг харан баясдаг Монгол түмний баяр цэнгэл "Бантангийн дүрэм" дээр бүдрэв.
Хуулинд, "4.13.Энэ журмын 4.12-т заасан дан болон давхар шуудагны барьцтай барилдаж хоёр бөх хаялцаагүй бол тухайн хоёр бөхийн барилдааныг зогсоож, хөлийн цэц барилдааны явцад идэвхтэй барилдсан бөхийн талаар сонгуулж тэгш барьцтай барилдуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)" байдаг.
Начир дээрээ барьцны олигтой сонголтгүй, бөхийг "хайрцагласан", төвлөрлийг саармагжуулах дүрэм болжээ. Ямар мэх хийвэл хаялцах вэ гэж бодох бус "цагаа бодсоор" байгаад цэцийн шийдвэрийн өмнө ирэх бололтой. Өвдөг шороодоогүй атал хүчээр өвдөг шороодуулдаг энэ дүрмээ авч "хаях"-гүй бол Монгол бөхийн үнэ цэн тахимтайгаа замхрах нь ээ.
Хэн өвдөг шороодож, хэн давсныг дэнсэлдэг байсан цэц "хэнийг хэнд тахимаа өгөх"-ийг шууд заадаг болов.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)