Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд зориулсан “Монголоо дээдэлье” наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр наадмыг нээж үг хэллээ.
Тэрбээр, "Төрт ёсны их баяр наадмынхаа арга хэмжээнд журмын олон нөхөд, ардчиллын партизанууд, ахмад үеийнхэн, үе үеийн намын удирдлагуудтайгаа, залуу үетэйгээ хамтдаа нээж, тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид дор бүрнээ нэг бөхийг түрүүлэхийг харж, хүлээж байгаа. Үнэхээр бөхийн барилдаан, морины уралдаан гэдэг бол монголчуудын ид хавыг гайхуулж, ур ухааныг харуулсан, монголчуудын уламжлал, ёс заншлыг харуулсан ийм сайхан наадам байдаг.
Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд бид цэнхэр зодог шуудагтай бөх түрүүлнэ гэж хүлээж байгаа.
Улсын баяр наадамд Ардчилсан намын олон сайхан уяачдын морьд уралдана гэдэгт бид итгэж байгаа. Манай Батсуурь даргын морь уралдана гэдэгт итгэж, дээгүүр давхина гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн зүүн бүсийн Их хурдад морио түрүүлгэж байсан.
Бид Монгол наадам гэхээр Гаваагийн Батхүүгээ байнга дурсан санадаг. Толин хулыг давхиж ирэхээр бид баярлаж, баясдаг. Ер нь наадам болохоор Г.Батхүү даргынхаа уяан дээр очиж хийморио сэргээдэг байсан сайхан түүх бий.
Өнөөдөр ч гэсэн Г.Батхүү даргын маань хурд тасраагүй хязаалан насны морины уралдаанд түрүүлэн ирж байгаа дүүгийнх нь морийг харах сайхан байлаа. Ардчиллынхан сайхан наадаж байна гэж харж байна.
Манай Д.Пүрэвдорж гишүүн аль ч наадмаар бөхийн асраас салдаггүй, бөхийн төлөө явсан. Явсаар байгаад өнөөдөр Монгол Улсын аваргатай болсон. Бөхийн гал дээр байгаа Д.Ганбат гишүүн, А.Адьяасүрэн гишүүнийг хараад бахархаж байлаа. Үнэхээр Баянхонгорын бөхчүүд сайхан барилдаасай гэж бодож байна.
Та хоёрын талд бид нар дэмжих болно гэдгээ хэлье. Сүүлийн үед Баян-Өлгий аймгаас бас заан, харцага, начин цолтнууд төрж байгаа. Тэр цолтнууд арслан цолонд хүрэхийн ерөөл өргөе Б.Бейсен гишүүндээ. Бас Ц.Туваан гишүүний их насны морь бараг түрүүлнэ гэж бодож байгаа.
Ингэж ард түмэн наадмаа харж, монгол соёлоо хайрладаг. Яг үүн шиг ирэх жилийн сонгуулийн үзүүр түрүүнд ардчиллынхан цэнхэр зодог шуудагтайгаа гарна. Ардчилсан нам ирэх жил түрүүлэх болно гэдгийг та бүхэнд хэлье.
Ирэх жил Монголын том наадам болно. Тэр сонгуульд Ардчилсан нам магнайдаа тоосгүй түрүүлэхийн ерөөл өргөж, энэ наадмаар эв нэгдэлтэй сайхан наадахыг хүсэж байна” гэв. Ийнхүү Ардчилсан нам энэ жилийн наадмаар ирэх жилийн сонгуулийн үр дүнг бэлгэдэж, эв найрамдлыг эрхэмлэн наадаж байна.
Сэтгэгдэл (4)