УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хаав. Энэ үеэр "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийг хэлэлцэж, дэмжив. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм. Зарим нь иргэдийн бүрдүүлсэн татвараас малчид сайн дураараа хүртэх "хишиг горилсон" мэтээр шуурч байна.
Шийдэхийг нь УИХ-ын гишүүд шийдэж, доромжлолыг нь "малчид" амсах болов. Төрөөс малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх бүрд тэдний чих халууцдаг нь худал биш. Хэрэгтэй гэж бодоод "хэрэггүй хууль батлах" нь дээ. Өөр олон асуудлыг олж харах нүд хайрла, тэдэнд.
Тус заалтын цаад учир шалтгааныг бодвол "Малчид жилийн дөрвөн улиралд малынхаа араас явсаар НДШ-ээ төлж амждаггүй эсхүл улирлын чанартай орлогоосоо болж төлж чадахгүй овооруулах тохиолдол бий. Ингэж байсаар эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэг бараадахад бөөн мөнгө төлөх хэрэг гардаг нь үнэн. Бас тэтгэвэр тогтоолгох болоход ч төлөхөөс аргагүй. Үүнийг харж тухайн заалтыг оруулсан бол ойлгох гэж хичээж дээ" гэж харахуйц. Гэтэл амьдрал дээр үүнтэй "барьцах" хүн олон. Яагаад гэвэл бүгд л "амьдрах гэж зүдэрч байна".
Сарын цалингийнхаа хагасыг нь шахуу Нийгмийн даатгалын шимтгэлд суутгуулдаг ард иргэдийн бухимдаж байгааг буруутгах нөхцөлгүй юм.
П.Анужин нарын мал бүхий гишүүд "малчин" гэх ангилалд багтах уу. Эцсийн дүндээ мал маллаж үзээгүй бид малчны хөдөлмөрийг ойлгох нь "лөөлөө" биз.
Мах үнэтэй, цагаан идээ үнэтэй гэж "хэл амаараа хэдэн мянган удаа нүдсээр", Монголын тарчиг нийгэмд малчнаас өөр "муу хүнгүй" болох нь.
Цаг улирлын хатуу ширүүнийг улаан нүүрээрээ сөрж, байгалийн өмнө явгалахдаа явгалж, хоосрохдоо хоосорч байгаа тэдний дааж явах "доромжлол" малаасаа их болж байх шиг. Өвөл нь тусламж нэрээр хоёр боодол өвс, нэг уут хивиг очно. Тэр нь хүртэхгүй. Нэг хоногийн л "хоол" болно. Үнэхээр хахир цаг, зуд турхин биш л бол малчид хэнээс ч, хэний ч гарыг хардаггүй гэдгийг тэдний дунд өссөн хүмүүс мэдэх биз. Харин энэ удаад эрх баригчид өөрсдийн дураар "малчид"-аар мөн л тахил өргөв. Эх орны аль нэгтээх газрын малчнаас танд ийм хүсэл сонирхол байсан уу гэж асуувал тэд "үгүй" гэх нь мэдээж. Гэхдээ цахим орчинд өрнөж байгаа доромжлолыг тоож суух "зав" тэдэнд төдий л үгүй болов уу.
Гуйгаагүй атал "гуйлгачин"-гийн дайд хүргэж, адлуулахад номхон даруу тэд тохиромжтой.
М.Дэвэ
Сэтгэгдэл (1)