УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Улс орон авлигалд аажмаар живж байгаа усан онгоц шиг байна гэдгийг өнгөрсөн 3 жил сануулсан. Гэтэл арга хэмжээ авсан зүйл байхгүй байна. Бүх зүйл сайн сайхан байгаа юм шиг хурал зөвлөгөөн хийгээд, худлаа амлалт өгөөд байгаа ч өнөөдөр 2, 3хан хоногийн шиврээ бороонд Улаанбаатар хот үерт автлаа. Ард түмэн бороо хуртай, сайхан зун болоосой гэж хүсдэг. Гэтэл өчнөөн мянган айл гэрэл цахилгаангүй, олон мянган хүн гэр орондоо хонож чадахгүй байна. Түдэв гуай хэлж байсан "Дээр нь хэдэн хүн өтгөн шингэнээ гойжуулаад байхад Монголын ард түмэн мөн ч хүлцэнгүй хүмүүс юм" гэж.
Монголын хүн амын 50 хувь нь оршин суудаг, улсын нийслэл өтгөн шингэнтэйгээ холилдлоо. Энэ бол зүгээр голын үер биш юм. Ардын намын өтгөн шингэнээ цацсан үйлдлийн үр дагавар юм.
Юун баяр, наадам, гэрэл цахилгаангүй байгаа хүмүүс зурагтаа асаагаад та нарын баян цатгалан байдлыг харж чадахгүй.
Өчнөөн их наядын төсөв тавчихаад байхад яагаад тэр олон жил бэлтгэлгүй байдаг юм. Авлига хорооллыг босгох зөвшөөрлийг хэн өгсөн юм. Тэгээд одоо дан ганц шүүгчдийг буруутгаж байна. Тэд буруутай нь буруутай л байх. Гэхдээ эрх баригч та бүхний дохио зангаагаар ажилладаг хүмүүс болчихсон шүү дээ.
Бид хотын даргыг ард түмнээсээ сонгодог болгож болно. Ихэнх ардчилсан улс, орнуудад ийм л байдаг. Гэтэл одоо амралтаараа Playtime наадамд очих гэсэн хэдэн оюутан залуусыг буруутгаад байх шиг. Ингэж болохгүй ээ.
Хамгийн их эрх мэдэлтэй, мөнгөтэй Засгийн газар ажиллаж байгаа. Энд ардчиллын гэмээр нэг ч хүн байхгүй. Бүгд хэлээ залгичихсан юм шиг таг дуугүй. Монголын ард түмэн уйлж байна. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцье" гэв.
Д.Батчулуун