УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор үг хэллээ.
Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотод татваргүйгээр ашиг олох зорилготой, хорт утаа ялгаруулах 1000 уурын зуухыг бий болгох хуулийг батлах гэж байна. Нэгдэх өдрийн байнгын хорооны хурал дээр миний бие санал гаргаж, эрх зүйн дүгнэлт гаргуулахаар санал гаргасан байж байгаа. Энэ эрх зүйн дүгнэлт одоогоор гараагүй байна. Тэгэхэд энэ гаалийн тариф, татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт оруулж байна.
Хүч түрж байгаа үйл явцаас харахад олон нийтийн анхаарал сарнисан, баяр наадмын өмнө улайрч байгаа нь иргэдийн эсрэг хийж буй увайгүй, гэмт үйлдэл шүү гишүүд ээ.
Уурын зуухны тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлөлттэй оруулж ирэх, түүнийгээ угсраад хорт утаа үйлдвэрлэх, үүгээрээ ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан, зөрчсөн хууль батлагдах гэж байна. Тиймээс анхааралтай байж, ард иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэх хуулийг батлахгүй байхыг дэмжиж өгөөч гэж та бүхнээс хүсье" гэв.