Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар Ванкувер хотноо ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулганд оролцож байна.
Д.Цогтбаатар Парламентын Ассамблейн чуулганы нээлт, Тусгай хороод, Ерөнхий хороодын хуралд оролцохын сацуу Канад Улсын Сенатын танхимын Спикер х.Рэймонд Ганет-тэй ёслолын уулзалт, Канад-Монголын Парламентын бүлгийн гишүүд болох Сенатын Гадаад харилцааны байнгын хорооны дарга, Сенатор Питер Бохэм, Сенатор Юэн Пау Вү нартай албан ёсны уулзалт хийв. Хоёр талын уулзалтаар парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөрөнгө оруулалт, иргэд солилцоог нэмэгдүүлэхэд парламентчид идэвхтэй улс төрийн дэмжлэг харилцан үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
ЕАБХАБ-ын гишүүн 27 улсыг нэгтгэсэн Торгоны зам бүлгийн Мэдээлэл, судалгааны ажлын хэсгийн дарга Д.Цогтбаатар ажлын тайлан болон төлөвлөгөөний талаар илтгэл тавилаа. Бүлгийн хуралд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Монтелла, мөн Их Британи, Финлянд, Шведээс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид оролцож үг хэлэв. Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд оролцож буй Канадын төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын Нийтийн танхимын гишүүн Др.Хэди Фрай-тай албан ёсны уулзалт хийнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Эх сурвалж: https://www.oscepa.org/