Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй. Тухайлбал, өнөө өглөө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербоктой албан уулзалт хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Томоохон арга хэмжээг зохион байгуулж, биднийг найрсгаар хүлээж авсанд талархал илэрхийлье. Монголд айлчлахыг найрсаг хөршийндөө зочилж байгаатай адил гэж авч үзсэн. Манай хоёр орны хувьд ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг дээдэлсэн үнэт зүйлс нэгтэй юм.
Монгол Улс бол найдвартай хөрш гэдгээ харуулж байгаа. Афганистанд 12 жилийн турш Монголын цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд Германы цэргүүдтэй хамтарч оролцсоноор харагдсан юм.
Энэхүү баталгаатай хөршийн хамтын ажиллагаагаа бид цааш нь хөгжүүлж байна. Германы батлан хамгаалахын салбараас хүмүүс ирж явган цэргийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлсэн. Мөн энхийг сахих үйл ажиллагааг идэвхтэй оролцож, хөгжүүлж байгаа. Ялангуяа Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулж байгаа явдлаас бид суралцах зүйл их байн гэж харсан.
2024 онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ. Ойг тэмдэглэх талаар анхны санал бодлоо солилцсон. Хоёр орны Засгийн газар төдийгүй иргэдийн хувьд идэвхтэй харилцаатай байж ирсэн. Монгол Улсын хувьд 30 мянган хүн германаар ярьдаг. Өөрөөр хэлбэл хүн амын нэг хувь нь Германаар ярьдаг гэсэн үг.
Эдийн засаг, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч гэх гурван салбарт бид хамтын ажиллагаагаа нягт уялдуулж хөгжүүлнэ.
Манай орон ОХУ-аас хамааралтай энэ цаг үед ханган нийлүүлэлтийн сүлжээгээ илүү төрөлжүүлэх бодолтой байгаа. Эрчим хүч болон ашигт малтмалын салбарт энэ хамаарлаа бууруулах зорилго тавьсан. Монгол Улсын хувьд томоохон хоёр хөрштэй. ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинтай дайн эхэлсэнтэй холбоотойгоор бидний ертөнц өөрчлөгдсөн. Бид нэг л өдөр өөр ертөнцөд сэрсэн. Энэ нь нөгөө талаасаа эдийн засгийн хамааралтай байдлыг зэвсэг болгож, ашиглах байдал харагдсан. Эдийн засгийн төрөлжилт нь аюулгүй байдлын нэг илэрхийлэл гэж хэлмээр байна.
Монгол Улсын хөрш хоёр орны геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг хараад би гайхаж байна. Сайн хөрш гэдэг нь зөвхөн хилээр хязгаарлагддаггүй. Сайн хөршийг хайж олдог. Манай улсын хувьд Монгол Улстай сайн хөрш орны харилцаатай олон жил явж ирсэнд баярлаж байна. Үүнийгээ цааш хөгжүүлэх боломжтой гэж харж байна" гэв.