Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй энэхүү уулзалтын үдээс өмнөх хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, Хүнсний аюулгүй байдал гэсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн.
Үдээс хойшх салбар хуралдаан эхлэхийн өмнө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд А.Бербок нарыг Төрийн ордны гадна тусгайлан зассан талбайд угтан авлаа. Энэхүү уулзалтыг ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулж байгаа юм.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар үдээс хойш "Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо", “Өндөр түвшний уулзалт-хаалтын ажиллагаа" сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилнэ.
Төлөөлөгчид гурван сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэг үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагааг тодорхойлсон төгсгөлийн баримт бичиг гаргана.