Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд болж байна. Уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нээж үг хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Дэлхийн энхтайвны үйл явцад эмэгтэйчүүдийн манлайлал, та бүхний хамтын ажиллагаа, хичээл, зүтгэл нэн чухал" гэдгийг онцлон тэмдэглэсэн бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой. Бид хүн бүрийн тэгш эрхийг хангахын төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх нь зүйтэй." хэмээн уриалав.
Дараагаар нь Гадаад улс орны сайд нар мэндчилгээ дэвшүүллээ. Тухайлбал, БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо уншиж танилцуулав.
БНАСУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээндээ "Өнө эртний түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт бол дэлхийн энхтайван, эв нэгдлийг тогтоох, хүн төрөлхтний оршин тогтнох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нааштай хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг тодорхойлох Монгол Улсын төр, гадаад бодлогын оновтой бодлогыг олон улсад харуулж байгаад баяртай байна.
Өнөөдөр дэлхийн энхтайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт даян дэлхийн бүх хүн төрөлхтний оршин тогтохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах асуудлыг манай улс чухалчлан үздэг. Бие даасан байдал, энхтайван байдал бол БНАСУ-ын тууштай байдал юм.
Миний бие энэ уулзалтад өөрийн биеэр оролцох боломжгүй ч олон улсын энхтайвны төлөө хамт байна. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн байр суурь, үүргийг бэхжүүлэхэд амжилттай болно гэж үзэж байна хэмээжээ.
Ийнхүү Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт салбар хуралдаанаар үргэлжилж байна. Уур амьсгалын өөрчлөлт, Хүнсний аюулгүй байдал, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн гурван хэлэлцүүлгийг Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (1)