Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд болж байна. Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэллээ. Дараагаар нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэв.
Тэрбээр, "Бид мянга мянган жилээр тоологдох үүх түүхээрээ бахархдаг. Монгол Улс бол эсрэг, тэсрэгийн оршил нутаг. Зундаа +40 халж, өвөлдөө -39 хэм хүртэл хүрч хүйтэрдэг нутаг. Монгол Улс эрч хүчтэй, цогтой ардчиллыг хэрэгжүүлж байгаа улс.
Манай улсад 1990 оноос ардчилсан нийгэмд шилжилж, Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Бид авлигатай тэмцэх, ил тод байдлыг хангах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын институцийг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын арга хэмжээг дэмжиж ирлээ.
Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг хэмээн НҮБ-ын дарга Антони Кутреш манай улсад айлчлахдаа хэлсэн байдагт талархалтай байдаг.
Манай улс цөмийн зэвсгээс ангид бүс болгон тунхаглан зарласан. Монгол Улс НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд 2006 онд анх удаа эмэгтэй бие бүрэлдэхүүнээ илгээснээс хойш өнөөдрийг хүртэл 900 гаруй эмэгтэйчүүдээ илгээгээд байна.
Монгол Улс энхтайвны бэлгэ тэмдэг, НҮБ-ын бүх улстай дипломат харилцаатай орон болохын хувиар аливаа арга хэмжээг зохион байгуулахад нээлттэй байгааг цохон тэмдэглэе.
Эмэгтэйчүүд маань их хааддаа зөвлөж ирсэн түүхийн үе бий. Дипломат харилцаа тогтооход энэ бүхэн давуу талтай гэдгийг хүлээн зөвшөөрч, бодитойгоор хэрэгжүүлж ирсэн. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийг тэртээ 1940 онд Үндсэн хуульдаа тунхаглаж байсан.
Бид холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, сонгуульд нэр дэвшигчид, төрийн захиргааны албан хаагчдад ажиллагсдын 30 хувьд эмэгтэйчүүд байхаар батлуулсан.
Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой. Бид хүн бүрийн тэгш эрхийг хангахын төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх нь зүйтэй. Охид, эмэгтэйчүүдэд илүү сайхан ертөнцийг цогцлоон бий болгох хэрэгтэй.
Охид эмэгтэйчүүдийн амьдралд бодитой үр дүн авчрахын төлөө ажиллах хэрэгтэй" хэмээв.