УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар нийт 19 хуулийн төслийг хэлэлцэх юм. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв.
Тэрбээр, “Улс төрийн намуудын тухай хуулинд анхаарал тавиарай. Үүнийг их сайжруулж батлах ёстой хууль байгаа юм. Муудчих вий дээ.
Миний хувьд олон жил санаа зовоож байгаа зүйл бол намууд өмч хөрөнгөтэй байх нь манай нийгмийн ялзралын эх үндэс байгаад байна. Үүнийг өөрчлөхгүй бол хууль батлахын ч хэрэг алга.
Холимог тогтолцоо бол жинхэнэ ёсоороо олон намыг дэмжих зөв тогтолцоо гэж боддог. МАН-ын дарга С.Баяр, би АН-ын дарга байх үед бид нар хамтраад 202 онд холимог тогтолцоог анх босгосон юм. Тэгэхдээ 76 суудал дотроо 28, 48-аар хуваарилсан. Энэ бол Монголд хэрэгтэй тогтолцоо. Дараа нь МАН, АН-ын хэдэн амьтан нийлж байгаад үүнийг жижиг 76 болгож улсаа хорлон сүйтгэсэн. Жижиг 76 бол Монгол Улсыг хэзээ ч хөгжүүлэхгүй гэсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа байгаа юм. Одоо харьцааг нь 78, 48 болгочихсон байна.
Эрх баригчид үнэхээр улс орноо бодож байвал тэр 78 чинь том тойргоос гарах ёстой шүү. Одоо УИХ-ын гишүүд тойрог усалж, хүмүүст мөнгө, тендер авч өгөхөөс өөр юу хийж байгаа юм бэ. Юмны үнэ өсчихсөн байгааг хар. Үүнийгээ буулгахгүй юм уу. Одоо тэр цалин хөлсийг чинь амсахын төдий нэмлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Жаахан суурьтай юм хийхгүй байсаар бидний дөрвөн жилийн хугацаа дууслаа.
Монголчууд байгалийн баялгийнхаа эзэн болно гэсэн тэр нь бас явахгүй юм. Бидний баталж байгаа хуулиас илүү энэ хуулийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг нөхөд чинь хуульгүй амьдарч байна шүү дээ. Монгол Улсад хууль алагчилж үйлчилж байна. Ардчилсан Намд бол хатуу чанга үйлчилж, ард иргэдэд бол бүр ч хатуу үйлчилж, МАН-ын гишүүдэд огт үйлчлэхгүй байна. Тэгэхээр одоо баахан худал үнэн хөтөлбөр гаргаж цаг барж байхаар ард түмний ахуй амжиргааг дээшлүүлэх тал дээр анхаарахгүй юм уу.
Улс орон даяараа хэдэн дайсан босгож тэдэнтэй тэмцдэг ийм л дүр зурагтай боллоо шүү дээ. Уг нь тэр хулгайч дээрэмчдийг бий болгохгүй байх нөхцөлийг л УИХ бүрдүүлэх үүрэгтэй юм даа. Ер нь Монголын хямрал бол Монгол Ардын Намын том байшингаас эхлэлтэй шүү.
Яаж нэг нь ийм том байшинтай, их мөнгөтэй, олуулаа байхад олон нам бий болох вэ. Арга техник чинь хоцрогдсон байна. Хоёр сар дуугаа хураалгасан учраас би өнөөдөр хэлж байна" гэв.
Сэтгэгдэл (2)