Монгол Улс Үндсэн хуульдаа “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1) хэмээн заасан. Энэ заалтад буй төлөөллийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг байгуулдаг бол “ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож...” гэсэн шууд ардчиллын зарчмыг төдийлөн хэрэгжүүлэхгүй явж ирсэн юм.
Ардчилсан тогтолцоо бүхий улс орнууд иргэдээ төрийн үйл хэрэгт оролцуулж, аливаа шийдвэр гарахдаа ард түмний санаа бодол, хүсэл эрмэлзлийг тусгах шууд ардчиллын арга, хэрэгслүүдийг өөр өөрийн онцлогт тохируулан авч хэрэглэдэг. Манай улс Үндсэн хуулийнхаа дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг батлан мөрдөж байна.
“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн үзэл санаа нь орчин үеийн зөвлөлдөх ардчилал (Deliberative Democracy)-ын зарчимд тулгуурладаг. Зөвлөлдөх ардчиллын гүн ухааны үндэс нь Аристотелийн улс төрийн онол баримтлалд суурилдаг хэмээн үздэг бөгөөд XX зууны дунд үеийн Германы философичдын бүтээлд үндсэн онол нь боловсорсон юм. Зөвлөлдөх ардчиллын үзэл санааны цөм нь ардчиллыг хэрэгжүүлэх үйл явц үндсэндээ иргэд, олон нийттэй зөвлөлдөх, хэлэлцэхэд оршдог гэж үздэг. Энэ үзэл санааг орчин үеийн философичид зөвлөлгөөн, хэлэлцүүлгийн агуулга руу илүүтэй чиглүүлж, олон нийтээс санал авах ажиллагааны арга зүйг нарийвчлан авч үзсэний томоохон төлөөлөгч нь Стэнфордын Их сургуулийн профессор Жеймс С.Фишкин юм. Тэрбээр зөвлөлдөх ардчиллын зарчмаар асуудлыг хэлэлцэх үйл ажиллагаа нь оролцогчид тухайн сэдвээр үнэн зөв мэдээллээр хангагдах, мэдээллийн эерэг ба сөрөг аргументууд тэнцвэртэй байх, тухайн асуудлаарх олон нийтийн дунд буй үзэл хандлагыг хэлэлцүүлэгт оролцогчид бүрэн төлөөлөхүйц олон талт байр суурьтай байх, тэдний дэвшүүлж санал бүрийг бодит үндэслэл хэмээн авч үзэх, түүнчлэн, оролцогчид хэлэлцүүлэг, мэтгэлцээнд ач холбогдол өгч байх зэрэг шинж чанарууд хангагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Дээрх шинж чанаруудыг хангаагүй тохиолдолд уг санал асуулга зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцэхгүй буюу Зөвлөлдөх санал асуулга болж чадахгүй гэж тэрбээр бичсэн байдаг.
Шууд ардчиллыг хэрэгжүүлэх аргуудын нэг болох зөвлөлдөх ардчиллын дээрх зарчмуудыг Монгол Улс “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульдаа тусган, санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулдаг байхаар зохицуулсан. Эхний үе шатанд оролцогчдыг хүн амын бүлэг, нийгмийн анги, давхрагуудыг бүрэн төлөөлөхүйц байдлаар статистикын шинжлэх ухааны арга зүйд суурилсан оновчтой түүвэрлэлтийн аргаар санамсаргүйгээр сонгож, асууж буй сэдэв, агуулгатай холбоотой мэдээллийг зохион байгуулалттайгаар олголгүйгээр шууд санал авна. Харин хоёр дахь үе шатанд эхний үе шатны санал асуулгад оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгож, тэдэнд зөвлөлдөх уулзалтын аргаар холбогдох мэдлэг, мэдээллийг тэгш, олон талт, иж бүрэн байдлаар олгосны үндсэн дээр санал авна. Учир нь иргэд бүрэн мэдээлэл авч чадаагүй байхдаа санал асуулгад хөндөгдөж буй сэдэв, агуулгад ихэнхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бөгөөд мэдлэг, мэдээлэл олгосны дараа илүү нухацтай, зөв байр сууринаас хандана. Ингэснээр санал асуулгын дүн, түүнээс гарах дүгнэлт, асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл оновчтой байж, бодитой үр дүн гарна.
Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэрийг эрх бүхий этгээд буюу “хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллага” гаргана. Энэхүү “эрх бүхий этгээд” зөвлөлдөх санал асуулгын сэдэв, зохион байгуулах хугацаа, хамрах нутаг дэвсгэрийн хүрээг тогтоохын дээр санал асуулгыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөхүйц бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх бөгөөд иргэн өөрөө өөрийн нэрийг дэвшүүлж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг оруулахгүй байхаар хуульчилсан бөгөөд сонгогдсон бүрэлдэхүүнийг эрх бүхий этгээд олон нийтэд танилцуулна.
Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, үе шат бүрийн товыг тогтоож, зохион байгуулах, хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгож томилуулах, санал асуулга хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх ажлыг шууд удирдан явуулна. Ингэж Зөвлөлдөх зөвлөлөөр санал асуулгын бүхий л үе шатыг удирдуулснаар хөндлөнгөөс нөлөөлөх улс төрийн болон бусад нөлөөллийг хянщзгаарлах, төрийн болон улс төрийн байгууллага, хуулийн этгээдээс хараат бусаар иргэд өөрийн үзэл бодлоор саналаа чөлөөтэй, үнэн зөв өгөх нөхцөл бүрдэж буй юм.
Зөвлөлдөх санал асуудлын асуултыг нэг сэдвээр, хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолж, гадаад үг хэрэглэхгүйгээр боловсруулах бөгөөд асуулт боловсруулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалт зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр эрдэмтэн, судлаач нар, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн оролцоог хангана. Үүнийг мөнхүү Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд ингэж мэдлэгтэйгээр санал өгөх зөвлөлдөх санал асуулгын зарчмыг хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд судлаач, эртэмтэд болон олон нийтийн санал бодлыг холбосон, хэрэгжих боломжтой бодит шийдлүүдийг гаргах, төрийн бодлогод тусгах нөхцөл бүрдэж байгаагаараа давуу талтай юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл (2)