БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНХАУ-ын Өвөрмонголын боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалтыг хийлээ. Цахим уулзалтын үеэр хоёр орны боомтын чиглэлээр баримталж байгаа бодлогууд, болон хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар хоёр талын байр суурыг илэрхийллээ. 2023 оны нэгдүгээр сард багтаан Гашуун сухайт Ганц мод чиглэлийн бүтээн байгуулалтын санхүүжилтыг шийдвэрлэхээр санал болилцлоо. Энэ хүрээнд Төмөр замын хил холболтын асуудал, Гашуунсухайт боомтын төмөр замын ажлыг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг тавилаа.
2023 оны нэгдүгээр сард багтаан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх асуудлыг ярилцлаа. Мөн аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодисын зөвхөн Замын-Үүд Эрээний боомтоор нэвтрүүлдэг. Зорчигч тээвэрлэдэг боомтоор аюултай ачаа зөөх нь эрсдэлтэй гэж үзэж Ханги-Мандалын боомтоор энэ чиглэлийн барааг тээвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газраас тавьсан.
Уулзалтаар яригдсан хамгийн чухал асуудал бол бэлтгэл ажлыг хангавал 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн Эрээн-Замын-Үүд боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргаснаа Хятадын тал мэдэгдсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)