"Аж ахуйн нэгжүүдийг дэмжих" тогтоолын төсөл өргөн барьж буй талаараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр "С.Одонтуяа гишүүний хамт миний бие уг төслийг өргөн барьж байна. Цар тахлын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан паспорт олгох тухай асуудал юм. Сумын Тамгын газрын дарга албан паспорт аваад гадаадад зорчдог. Тэнд очоод гадаад хэлгүй учраас гайхаж байгаад бүтээсэн ажилгүй зорчдог зүйл байгаа. Татвар, хураамж, шимтгэл төлсөн хэмжээгээр аймагтаа эхний 10, нийслэлд эхний 90 дүгээр байрт орсон ААН-үүд Монгол Улсыг урагш хөдөлгөхөд томоохон хувь нэмрээ үзүүлж байгаа.
Тийм учраас эдгээр ААН-ийн удирдлагыг гадаадад чөлөөтэй зорчуулах, бусад ангиллаар үйлчлүүлэхэд давуу тал бий болгох, бизнесээ хурдан шуурхай үргэлжлүүлэх боломжоор хангах зорилгоор уг тогтоолын төслийг өргөн барьж байна.
Жишээлбэл, Ховд аймагт гэхэд эхний 10-т орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгоно. Хэрвээ дараа жил өөр компани ороод ирвэл байр нь солигдоно. Албан паспортыг хоёр жилийн хугацаатай олгодог. ААН-үүд илүү сайн татвар төлж, өрсөлдөнө гэсэн үг. Төр тэдний төлсөн татвараар бизнесийн таатай орчныг бий болгох нь чухал юм.
Бизнесийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад албаны паспорт чухал үүрэгтэй. Гадаад харилцаа нь хамгийн хурдан хөгжиж байгаа компани бол төрийн өмчийн компаниуд байна. Тэд албан болон дипломат паспорттой. Тиймээс хувийн хэвшлийн шилдэг 500 компанид албан паспорт олгох асуудлыг тогтоолын төсөлд тусгалаа" гэв.
А.Сүх