УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Засгийн газраас орж ирж байгаа бүх хууль, бодлогыг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийг бол дэмжихгүй байна. Зарчим барина. Х.Нямбаатар сайд хариулт дээр худлаа яриад байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагуулж гуя дагуулж хүзүү хусах гэсэн ийм л юм оруулж ирэх гэж байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг нь хүртэл УИХ-аас авахаар оруулж ирж байна. Гишүүд, УИХ нэмэлт өөрчлөлтийн тухай хууль санаачлах эрхгүй болж байна.
УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар заасан бүрэн эрхэд халдаж байгаа юм.
Намын нөхөр Х.Нямбаатараа шүүмжилмээр байна. Чи насаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийх биш. Ц.Нямдорж л 3, 4 удаа сайдаар ажилласан. Ганц удаа сайд хийхдээ насаараа ажиллах юм шиг бүх юмыг нь Засгийн газарт өгөх гээд байж болохгүй. Төрийн байгууллагын засаглалын уялдаа, зарчим гэж байдаг юм. Одоо хэрэгжиж байгаа хуульд нь хангалттай хууль санаачлах эрхийг нь өгсөн байхад нэмээд 5, 6 хуулийг, нэмэлт өөрчлөлттэй нь УИХ-аас авах гэж байгаа нь арай л хэтэрч байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)