УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Засгийн газар дээр хуулиудаа эрэмблэх асуудал байна. Чухал хуулиудаа эхлээд оруулъя гэдэг эрэмбэ байдаг. Тухайлбал, 2014-2015 онд Эрдэс баялгийн ил тод байдлын санаачилгын хууль байсан ч 2016 оны сонгуулийн дараа таг гацсан. Үүнээс хойш гурван удаа буцаагдсан. Ийм чухал хуулиудаа батлахгүй болохоор энэ мэт хулгай гараад байна. Хоёрдугаарт, Төрөөс эрдэс баялгийн тухай баримтлах бодлого бас хэрэгжихгүй байна.
Мөн чанаргүй хуулиуд орж байна. УИХ дээр орж ирсэн хуулийг гишүүд рүү өгөхөөсөө өмнө мэргэжлийн хүмүүс суугаад зөвлөмж өгдөг үү? Эрээн болтол нь засч байна. Тэгэхээр хуулиудын агуулга, бусад хуультай уялдах уялдаа алдагдаж байна. УИХ дээр хуулиудыг оруулж ирээд яаран бараг 7 хоногт батлах юм. 76 гишүүн чинь янз бүрийн мэргэжил, туршлагатай хүмүүс байна. Энэ хуулиуд чинь чанаргүй болоод байна. Нэг учраас угаасаа батлагдана гээд итгэл төгс оруулж ирээд байгаа учраас хуулиуд чинь чанаргүй болоод байна." гэв.
Д.Батчулуун