УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Биржээр хоёрхон төрлийн бүтээгдэхүүн зарах гэж байгаа. Нүүрс, төмрийн хүдрээс өөр юм байгаа юм уу. Хөрөнгийн биржид салбар байгуулж, зардал хэмнэх хэрэгтэй. Сүүлийн үед төрд байхаар хулгай нүүрлэж, олон нийтийнх болгохоор сайхан болдог гэж ярьдаг болж. Банкны IPO явж байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн тодорхой хувийг олон нийтэд нээлттэй хувьчилна гэж буй. Энэ мөнгө нь байгаа юм уу. Гадаадын мөнгөтэй нэг хүн худалдаад авчихна шүү дээ. Монголын цөөн хүн их баян. Энийгээ сайн бодсон юм уу. Худалдааны хуулиа гаргахгүй юм уу.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 14 хувь нь ард түмэнд байгаа гэж ойлгож буй. Одоо 85 орчим нь төрд байгаа гэсэн өчигдөр нэг цаасан дээр 60 гаруй хувь болж. Үлдэж байгаа 20 хэдэн хувийг хэн авсан юм бэ?
"Тавантолгой" ХК нүүрс худалдах 633 гэрээ хийж. Урьдчилгаагаар 603 сая ам.доллар авсан. Үүнээс өнөөдөр 400 сая ам. долларын өртэй. 2022 оны аравдугаар сарын 12-ны байдлаар 67 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Үүнээс зургаан сая тонн нийлүүлж, 61 сая тонн нь дутуу. Гэтэл биржээр худалдах нүүрс байгаа юм уу. Бүгдийг нь урьдчилаад худалдчихсан байдаг" гэв.
Д.Батчулуун