УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нүүрсний богинын тээвэр хийдэг хүмүүс үнэ тогтоож байна. Эрх баригчид оролцсон. Гадаадын хөрөнгө оруулалттай 10 мянган машин байгаагаас 90 хувь нь хятад машин. Үлдсэн дээр нь эрх баригчдын машин явдаг.
"Эрдэнэс Тавантолгой" компани аман дээр нүүрсээ 109 ам.доллараар зарж байгаа. Энэ үнийг богинын тээврийнхэн тогтоож, "Эрдэнэс Тавантолгой" амны үнээ тогтоодог.
Шалтгаан нь хэзээ хилээр гарах нь тодорхойгүй, хэн тэрийг тээвэрлэх нь тодорхойгүйгээр нүүрсээ зардаг. Тэрийг мафийн сүлжээ ажиллаж, өөрсдийн үнээр үнэтэй богинын тээврийг хийдэг. "Эрдэнэс Тавантолгой" компани жилдээ нэг тонн нүүрснээс 70 ам.долларыг олдог. Зөвхөн богинын тээвэр үнэ тогтоож, хилээр гарах эрхтэй хүмүүс үнэ тогтоож байна.
Нүүрсийг биржээр зарах гэж байгаа бол хилээр гарах эрхтэй нь хамт өгөх хэрэгтэй. Эргээд эрх баригчид гуйвуулдаг ажлаа хийж, дундаас нь ашгаа авч таарна. Энэ асуудалд маш сайн анхаар. Бирж дундаас нь татвар авдаг байгууллага болчих вий дээ. Хөдөө аж ахуйн бирж нэг бичиг өгдөг газар болж дампуурсан. Ганцхан "Чалко"-д ийм эрх байдаг. Тэр мафийн сүлжээг давж, 300 ам.доллар хүрэх боломжийг яаж олгох вэ. Энэ маш том асуудал" гэв.
Д.Батчулуун