УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө. Ес эхэлж байна. Хөдөө гадаа хүмүүсийн амьдрал хүнд байна. Бидний батлаад байгаа хуулиуд дутуу дулимаг байна. Уул уурхайн биржийн хуулиар 30 хувийг оруулна, өмчийг хувьчлахдаа 30 хувь гээд дандаа дутуу хагас юм хийж байна. ҮХНӨ-ийг бас яаруу хийгээд хэдэн хүн сайд болж салбараасаа баян сайд нар гарч ирсэн. Ёс суртахуун гэдэг зүйл байхгүй болчиж. Дарга нар өөрсдөө огцормоор байна. Нүүрсний хулгайг ярьсан залуус 18 өдөр эрүүл мэндээ золиослолоо. Эрүүл мэндийг юугаар ч нөхөхгүй. Үр дүнд хүрсэнгүй. Ард түмэн олон зүйлийг мартдаг. Харин энэ мэдрэмжийг мартахгүй байх. 10 жил төмөр замыг вагонтой, ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна.
Нээлттэй сонсголыг ямар муухай болгож байна аа. Ард түмний мэдэх эрхэд яаж халдаж байна вэ. Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болж тарлаа. Ард нийтийн жагсаалыг саармагжууллаа. Өнөөдөр Монголд хэн жаргалтай байна, нүүрсний хулгайчид жаргалтай байна.
Хууль хяналтынхан ажиллахгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд хоёр ах дүү чадлаараа хичээж байх шиг байна. Бүгдээрээ түдгэлзээд, хариуцлагаа хүлээвэл яадаг юм бэ" гэв.
Д.Батчулуун