Ерөнхий хяналтын сонсголд Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээлэллийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлдээ онцолсон тоонуудыг хүргэж байна.
336 сая тонн
Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувийг нь 2011 оноос өдийг хүртэл экспортолсон гэдэг тоон мэдээллийг Сангийн сайд танилцуулав. Нийт экспортолсон нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг 8 компани дангаараа экспортолсон.
45.2 их наяд
336 сая тонн нүүрс экспортлоод энэ хугацаанд нийтдээ 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүний 43.5 их наяд төгрөгийг буюу 95 хувийг нь 2011 оноос одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд олсон. Дээрх борлуулалтын орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ.
372 компани
Нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77 компани, нүүрс экспортолдог дамжуулдаг 372 компани санхүүгийн тайлан өгдөг байна.
340 мянган тонн
Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй, эсхүл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, тоо хэмжээ зөрөх; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн нүүрсний мөргөцөг буюу 340 мянган тонн нүүрсийг зөвшөөрөлгүй авч ашиглан хохирол учруулсан; хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүд санхүүжүүлэх зэргээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироох гэсэн таван бүлгээр ангилж, зөрчлүүдийг шалгаж байгааг мэдээлсэн.
1.6 их наяд
2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн татварын шалгалт хийж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьжээ.
515 мянган тонн
Гаалийн байгууллага 2013-2018 онд хийсэн дотоод хяналт шалгалтынхаа явцад гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1 сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолжээ.
379 мянган тонн
Мөн хугацаанд Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтайгаар “ачаагүй” гэсэн бүртгэлтэй гарсан зөрчлийг илрүүлсэн байна. 3785 тээврийн хэрэгслээр нийтдээ 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй, өөрөөр хэлбэл экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй зөрчлийг мөн илрүүлээд байгаа аж.
340.092 тонн
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас “Тавантолгой” ХК зөвшөөрөлгүйгээр 340.092 тонн нүүрсийг олборлож, ашигласан нь тогтоогдсон бөгөөд дээрх компаниуд энэ дүнг харилцан хүлээн зөвшөөрсөн байна. Үүнээс 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт 69.4 мянган тонн нүүрсийг буцааж өгсөн бол 270.6 мянган тонн нүүрсний авлагатай байгаа гэнэ.
Д.Батчулуун