УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Би тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 1993 онд Төрийн албаны шинэчлэлийн тухай маш том төсөл Монгол Улсын Засгийн газраас эхлүүлж байсан. Энэ ажлын гол санаа нь эцсийн дүндээ төрийн алба, улс төрийн алба, бизнесийг салгая гэж шинэчлэл эхэлсэн. Үүнээс хойш төрийн алба зэрэг бүх зүйлийг алхам алхмаар өөрчилсөөр өмнөх рүүгээ ухарсаар байсан. Тухай бүрд нь би хэлдэг байсан. Томоохон төрийн өмчтэй газруудын удирдлагад нь төрийн алба, улс төрийнхөн ороод суучихсан. Яам, Засгийн газар бодлогоо хийж, агентлаг нь хэрэгжүүлээд явна гэсэн ч үүнийг өөрчилсөөр байгаад энэ нөхцөл байдал үүссэн. Ерөнхий сайд нэг ч хүнийг томилох эрхгүй байдаг юм байна шүү дээ гэж өөрчилсөөр байгаад ийм нөхцөл байдалд орчихсон шүү дээ. Дахин дахин бодлогоо өөрчилснийхөө горыг өнөөдөр амсч байна" гэв.
Д.Батчулуун